Цаг үеийн мэдээ

"Ковид-19"-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм

1. Израилийн Тел-Авив хотын их сургуулийн эрдэмтэд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин коронавируст халдварт нөлөөлж байгаа эсэхийг судалжээ.

БЦЖ хийлгэсэн 3064, хийлгээгүй 2869 Ковид-19-тэй өвчтөнг харьцуулахад сүрьеэгийн вакцин халдвар авахад нөлөөлөхгүй болохыг тогтоосон байна.

Харин уг судалгаанд хүнд өвчтөн бага хамрагдсан учраас БЦЖ вакцин Ковид-19-ийн хүндрэлээс сэргийлдэг эсэхийг тодорхойлох боломжгүй байжээ.

2. АНУ-ын эрдэмтэд тамхи татдаг хүмүүс Ковид-19-өөр өвчилж хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ. Учир нь уушгинд байдаг ACE2 рецептор нь тамхи татах үед ихсэж коронавирустэй холбогддог болохыг тогтоосон байна. Судлаачид тамхи татахгүй байхад ACE2 уургийн хэмжээ буурч байгааг илрүүлжээ.

3. Их Британийн анагаахын сургуулийн эрдэмтэд Ковид-19-тэй 274 өвчтөнд хийсэн судалгаагаар 7,7% нь венийн судасны бөглөрөл (тромбэмболит)-тэй байжээ. Эдгээр өвчтнүүдийн 76,2%-д уушгины судасны бөглөрөл (эмболи) болон цус бүлэгнэх шинж илэрсэн байна. Судлаачид Ковид-19-тэй өвчтөнд венийн судасны бөглөрлийг эрт илрүүлэх нь нас барах эрсдэлийг бууруулна гэжээ. Түүнчлэн энэхүү судалгааг Ковид-19-ийн эмгэг жамыг судлахад ач холбогдолтой гэж үзжээ.

4. ОХУ-д Ковид-19-тэй өвчтнүүдийн нас баралтын шалтгааны 60 орчим хувь нь зүрхний шигдээс байжээ.

5. Францын Лионы их сургуулийн судлаачид эрчимт эмчилгээнд орсон Ковид-19-тэй 340, коронавируст халдваргүй 1210 хүнд өвчтнүүдийг харьцуулахад Ковид-19-тэй өвчтнүүдийн дунд таргалалтын түвшин өндөр байжээ.

6. Их Британийн судлаачид өдөрт 6-10 удаа гараа угааснаар Ковид-19-ийн халдвар авах эрсдлийг 36% бууруулах боломжтойг тогтоожээ.

7. Канадын Нийгмийн эрүүл мэндийн хүрээнгийн судалгаагаар хүн хоорондын зай барих арга хэмжээг зогсоовол Ковид-19-ийн улмаас өдөрт 150 хүн нас барна гэж тооцоолжээ.

Таны сурталчилгаа