– Танд энэ өдрийн мэнд хүргэе! Дэлхийгээр тархсан Монголчууд буланд зочилж байгаад баярлалаа. Та өөрийгөө танилцуулна уу?
– Баярлалаа. Намайг Б.Баясаа гэдэг. Би Люксембургийн Их Вант Улсын Люделонж /Leudelange / гэх дүүрэгт амьдардаг. Энд ирээд жил орчим болж байна даа. Энэ улсад ажиллах жилийн гэрээтэй ч цаашид гэрээгээ сунгаж ажиллах бодолтой байна.
– Одоогийн байдлаар дэлхий коронавирусийн өмнөх ба дараах гэсэн хоёр үед хуваагдчихаад байна. Тэгэхээр таны амьдарч байгаа хотын жирийн үеийн амьдралын хэмнэл, хэв маягийг сонирхое?
– Люксембургийн Их Вант Улс нь Бельги Франц Герман улсуудтай хил залган оршдог, 613894 хүн амтай. Банк санхүүгийн болон хөрөнгө оруулалт, төмөрлөгийн үйлдвэр нь эдийн засгийн гол үзүүлэлт нь болдог, 1 хүнд ноогдох ДНБ нь сүүлийн жилүүдэд байнга өсөлттэй явж байгаа. Европын орнууд дотроо ажилгүйдлийн түвшин харьцангуй бага үзүүлэлттэй орон юм. Ер нь тайван амгалан, их найрсаг ард түмэн. Европын улс орнуудаас Люксембургт бүх зүйл өндөр үнэтэй байдаг ч цалин өндөр болохоор бүгд л хошуурна. Бельги, Герман, Францаас ирж өдөртөө ажиллачихаад оройдоо буцдаг хүмүүс олон байдаг. Энд дэлгүүр хоршоо нь 18-19 цаг хүрэнгүүт л хаагдаж орой тэр эрт гудамж эзгүйрнэ. Хөгжсөн орны иргэд болохоор аль болох эртхэн амрах санаатай юм уу даа. Гэхдээ өглөө үүр цүүрээр ажлаа амжуулж эхэлдэг юм.
– Хүн төрөлхтөн өмнө нь нэгдэж байгаагүйгээр энэ цар тахлын эсрэг нэгэн санаа зорилготой тэмцэж байна. Таны амьдарч байгаа хотод вирусийн тархалт хэзээ эхлэв, тохиолдлын тоо хэд хүрээд байна вэ?
– Люксембургт COVID-19 буюу коронавирусийн халдвар бусад зэргэлдээ орнуудын адил 3 дугаар сарын дундаас тархсан. Улмаар 3 дугаар сарын 16-наас хорио цээрийн дэглэмд орж зөвхөн хүнсний дэлгүүрүүд, эмийн сан, шуудан, эмнэлэг, цагдаа, гал унтраах анги гээд онц шаардлагатайгаас бусад бүх үйлчилгээний байгуулага хаагдсан. Тохиолдол илэрсэн 3 дугаар сараас өнөөдрийг хүртэл буюу 5 дугаар сарын 25-ны байдлаар нийт 3993 хүн халдвар авч 110 хүн эндсэн ба өнөөдрийн байдлаар 41 хүн эмчлүүлж байгаагаас 4 хүн эрчимт эмчилгээнд байгаа гэсэн мэдээлэл байна. Люксембургийн Их Вант Улс нь коронавирусийн эсрэг хамгаалалтыг эрчимтэй хийж иргэдэд тодорхой бодит үнэн зөв мэдээлэлийг цаг тухайд нь хүргэж, хорио цээрийн дэглэмийг зохион байгуулалттай шуурхай авснаар нийгэмд паникт орох болон хүнсний хомсдол болон бусад зүйлсийн хомсдол үүсээгүй.
– Улс орнууд хатуу хөл хорион дэглэмээ аажмаар сулруулж эхэлж байна. Тус улсын хувьд энэ тал дээр ямар шат дараалалтай ажиллаж байна?
– Коронавирусийн тархалтыг хумиж, дэгдэлт намжиж байгаа болохоор хорио цээрийн дэглэмийг 5 дугаар сарын эхнээс эхэлж шат дараалалтайгаар аажим аажмаар цуцлаж байна. Жишээлбэл: 5 дугаар сарын 4-өөс их дээд сургуулиуд, 5 дугаар сарын 11-с лицей болон ахлах сургуулиуд, 5 дугаар сарын 25-с бага дунд сургуулиуд нээгдэж байна. Мөн нэг ангийг хоёр группт хувааж, хүүхдүүдийн суух зайг 1-1,5 м зайтай байрлуулж, 2 групп долоо долоо хоногоор ээлжилж хичээллэж эхэлсэн. Сургууль (ер нь дэлгүүр, бүхий л газрууд) орох гарах нэг урсгалтай болж, хүмүүс хоорондын зай 1-1,5 м бүх хүмүүс заавал амны хаалттай байх шаардлагатай гэсэн дүрэм журам мөрдөгдөж байна. Одоогийн байдлаар кафе зоогийн газрууд нээгдээгүй байгаа ба зөвхөн хүргэлт болон түргэн хоолны газрууд “drive-in” буюу захиалаад авч явах үйлчилгээтэй байна.
– Цар тахлаас үүдэлтэй хөл хорио хүний амьдралын хэмнэлийг алдагдуулж, санхүүгийн хямралд өртөж байна. Эдийн засгийн хямрал жирийн иргэдэд хэр нөлөөлж байна вэ?
– Хөл хорионы үеэр ихэнхи албан газруудын үйл ажиллагаа, хичээл сургууль гэрээсээ цахимаар явагдсан бөгөөд ажилгүйдлийн тэтгэмж олгож шаардлагатай хүмүүст хөнгөлөлт тусламж үзүүлж байна. Жирийн иргэний нүдээр бол энэ улсын иргэдийн амьдралын хэмнэл хямрал бага тусаж байгаа харагдаж байна. Мөн сургуулиуд бүх сурагчдад 1 удаагийн маскнаас гадна 2 ээлжийн хүзүүвч буюу амны хаалт өгч байна. Мөн өглөө болгон шуудангаар өрх айл болгонд амны хаалт илгээдэг. Олон нийтийн тээвэр автобусанд 12-оос их зорчигчгүй явж байх зөвлөмж гарсан. Амны хаалтгүй иргэдийг 145 хүртэлх еврогоор торгох дүрэм гарсан. 2020 оны бүх олон нийтийн арга хэмжээ, үндэсний баяр наадмын арга хэмжээг цуцалсан.
– Энэ хотод хэчнээн Монголчууд ажиллаж, амьдардаг вэ?
– Люксембургийн Их Вант Улсад 20-30 орчим монголчууд амьдарч байгаа байгаа болов уу даа. Түүний дотроос энэ улсад банк санхүүгийн чиглэлээр магистерт суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа залуучууд голчлон байдаг.
– Танд баярлалаа.