Испани улсад коронавирусээр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх 10 хоногийн гашуудал албан ёсоор эхэлсэн байна. Цар тахлаар амиа алдсан 27 мянга орчим иргэнээ дурсан гашуудаж улс орон даяар 6 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл төрийн байгууллагуудын барилга байгууламжуудын болон тэнгисийн флотын бүх хөлөг онгоцон дээрх төрийн далбааг хагас бөхийлгөх юм.
Энэ нь Европын орнуудаас цар тахалд хамгийн ихээр хохирол амссан Испани улсын түүхэн дэх хамгийн удаан үргэлжлэх гашуудал болж байгаа юм. Гашуудлын үеэр Испанийн хаан VI Фелипегээр удирдуулсан дурсгалын арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.
Цар тахлаар амиа алдсан 10 хүн тутмын 8 нь 70-аас дээш насныхан юм байна. Эдгээр өндөр настнууд өнөөгийн амьдарч буй нийгмийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг бид үргэлж санан, ахмадуудынхаа дурсгалыг хүндэтгэх ёстой гэдгийг Испанийн хаан хэлсэн байна.
47 сая орчим хүн амтай Испани улсад коронавирусний халдварын 236 мянга орчим тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Тус улсад халдварын тохиолдол буурч байгаа бөгөөд сүүлийн нэг өдөрт 372 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: aljazeera