Цаг үеийн мэдээ

      Өмнөд Америкийн орнуудаас коронавирусний халдвар хамгийн их тархсан Бразилд халдвараар нас барсан хүний тоо ирэх наймдугаар сар гэхэд 125 мянгад хүрч болзошгүй гэж АНУ-ын Вашингтоны их сургуулийн судлаачид тооцоолжээ.

       Бразилд одоогийн байдлаар 24500 хүн халдвараар нас барсан бөгөөд энэ үзүүлэлт тав дахин нэмэгдэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулсан байна. “Бразил БНХАУ-ын Ухань, Итали, Испани болон АНУ-ын Нью-Йорк хотод авсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж доктор Кристофер Муррэй мэдээлсэн байна.

      Бразилд өдөрт халдвараар нас барсан хүний тоо анх удаа АНУ-д бүртгэгдсэнийг давсаны дараа дээрх таамаглалыг олон нийтэд танилцуулжээ. Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 807 хүн нас барсан бол АНУ-д 620 хүн нас баржээ.

       Мөн Бразилын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, оношлуурын нөөц дутагдалтай байгаа тул халдварын бодит тоон үзүүлэлтүүд хавьгүй өндөр байж болзошгүй ажээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Бразилд 390 мянга гаруй хүн халдвар авсан байна.

    Бразилын Ерөнхийлөгч, хэт барууны үзлийг баримтлагч Жаир Болсонаругийн хувьд халдвараас үүдэлтэй хямралын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийнхээ улмаас дотоод, гадаадын хүчтэй шүүмжлэлд өртөж байгаа юм. Тэрбээр вирусийг “хөнгөн ханиадтай” зүйрлэж, халдварын тархалтаас зайлсхийх боломжгүй гэж үзэж байгаа ажээ. 

Таны сурталчилгаа