Москва хотын хүнсний бус дэлгүүрүүд 6 дугаар сарын 1–нээс эхлэн нээгдэх юм байна. Нийслэл хотын дарга Сергей Собянин энэ шийдвэрээ лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Нэмж дурдахад Собянин ирэх долоо хоногоос эхлэн москвагийн орон сууцны оршин суугчид тогтоосон хуваарийн дагуу явган алхаж, салхилахыг санал болгожээ.
"Москвагийн оршин суугчдын алхалт”-ын хамгийн энгийн, боломжийн бүдүүвчийг гаргах хэрэгтэй. Гол нь хүмүүсийг нэг дор бөөгнөрүүлэхгүй байх ёстой. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна” гэж хотын дарга хэлсэн байна. Ерөнхийлөгч В.Путин Собянинийг Москвад байдлыг тогтворжуулж байгаа гэж сайшааж, Москвагийн бүс нутгуудад эмнэлгийн хэрэгсэл илгээхээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ.
Мөн Оросын тэрбумтан Олег Дерипаска шинэ короновирусний халдвартай өвчтөнүүдийг эмчлэх зорилгоор Эрхүү мужийн гурван эмнэлгийн барилгын ажлыг санхүүжүүлжээ. Эдгээр эмнэлгүүдэд бие даасан агааржуулалттай био агааржуулагч хайрцаг суурилуулах бөгөөд энэ нь эмч нарт маш их хөнгөвчлөл өгөх аж.