Цаг үеийн мэдээ

ЦУВРАЛ – 1.

        – "Эмээ маань эмнэлэгт амьсгал хураасны дараа аав агаар амьсгалах гээд гарсан гэнэ. Тэгээд дотроо залбирч эмээг ямар нэг дохио илгээгээч гэж хүсээд нүдээ нээхэд 10 центийн зоос унасан байсан гэсэн. Түүнээс хойш аав маань үргэлж л зоос унасан байна уу гэж хайдаг болсон. Би тэр үед 6 настай байсан ба аавтайгаа үргэлж хамт хайлцдаг байв. Зоос олохоороо "Эмээ нь бидэнд явуулжээ" гэж хэлнэ. Бид хоёр миний хийсэн шаазан вааранд олсон зоосоо хийдэг байв. Намайг 3-р ангид байхад аав ээж маань надтай цуг суугаад ярьж байхдаа аавыг хорт хавдартай гэдгийг хэлсэн.

  

         Би завсарлагаанаар сургуулийн сэтгэл зүйчийн өрөөнд сууж байснаа санадаг юм. Аав өвдөөд нэлээн удсан, ховор төрлийн хавдар тэгээд их эрчимтэй муудаж байсан бололтой. Биеийн байдал нь хоёр сар орчим гайгүй болоод л буцаад өвддөг байв. Гэхдээ хэнд ч мэдэгдэлгүй тэмцсээр байсан. Маш их хичээсэн. Өглөө бүр 4 цагт босож дасгал хийдэг байсан гээч. Даанч аавын маань амьдарсан сүүлийн жилүүд нь миний ойлгомжгүй шилжилтийн настай давхцсан юм. Би аавыгаа тоодоггүй байсан. Би найзуудтайгаа уулзаж цаг өнгөрөөмөөр байдаг байсан. Тэгсэн ч тэр надтай байх гэж хичээсээр л ...

         Тэр "тэнэг" бас надад үнэхээр хайртай байсан. Намайг хичээлээ хийж байхад өрөөнд  орж ирээд шампуний савыг микрофон болгоод үнэн сэтгэлээсээ дуулдаг байсан. Надад кофе, өглөөний цай ууя гэж хэлдэг байсан. Би үргэлж л үгүй гэж хариулдаг байлаа. Шалтгаан нь эдгэшгүй өвчтэй ээж аавтай байх хэцүү учраас л тэр.

           Байнга л энэ талаар бодно, бодмооргүй санагдана. Цаг нь ойртох тусам хэцүү санагдана. Намайг 16 настай байхад аав минь бурхан болсон. 11 дүгээр сарын 30 байсан. Би аавынхаа оршуулгын үеэр газар шагайж өчнөөн алхсанаа санаж байна. Нэг ч зоос олдоогүйд би үнэхээр их бухимдсан. Би тэнгэр лүү харж, хашгирч байсан. Аавыг амьд сэрүүнд бид хоёр 300 гаран зоос олсон байсан ч аавыг өнгөрсний дараа нэг ч олдсонгүй. Би бүтэн сар энд тэндгүй зоос хайсан ч олоогүй.

  

       Удалгүй нэг тун бүтэлгүй өдөр таарч, би аавынхаа газар луу явахаар шийдээд оршуулганаас нь хойш анх удаа очив. Машинаа зогсоолд тавиад аавынхаа дурсгал руу очтол  хөл доор минь юу байсан гээч. Зоос."    (https://www.facebook.com/mashasdiary/)

Эх сурвалж: Humans of New York 

Орчуулсан: Маша

Таны сурталчилгаа