Цаг үеийн мэдээ

Франц улсад Sotheby's компанийн зохион байгуулагдсан өчигдрийн дуудлага худалдаанд 1762 онд савласан нэг лонх коньякыг $146,000-аар заржээ.

Gautier брэндийн уг ундаа нь өнөөдөр дэлхий дээр үлдсэн хамгийн хуучны коньякуудын нэг юм.

Яг энэ төрлийн коньяк гурван лонх үлдээд байгаа ба хамгийн томыг нь өчигдөр заржээ. Энэхүү ховор ундааг нэг гэр бүлийнхэн үе дамжин хадгалж ирсэн байна.

Дуудлага худалдааны ялагч нь уг коньякыг анх савласан Францын Эйгр дахь Gautier коньякын үйлдвэрийн хүндэт зочин болох юм. Уг үйлдвэр 1755 онд байгуулагдаж байжээ.

Коньякыг эзэмшигчийн элэнц өвөг нь 19 дүгээр зуунд Альфонс нэртэй өнчин хүүг үрчлэн авч байжээ. Альфонс сүүлд ажил хийхээр гэрээсээ яваад 10 жилийн дараа эргэж ирэхдээ авдар коньяк авчирсан нь түүний ажлын хөлс байв.

Тэдгээрийн дотор гурван шил Gautier үйлдвэрийн коньяк байсан нь өнөөдрийг хүртэл хадгалагджээ.

Альфонс 1914 онд дэлхийн нэгдүгээр дайнд яваад эргэж ирээгүй юм байна.

Таны сурталчилгаа