“Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” 2017 онд батлагдаж хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр аймагт Мал эмнэлгийн газар, сумдад 83 ажилтны орон тоотой мал эмнэлгийн тасаг шинээр байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 63 албан хаагч ажиллаж байна.
Аймаг орон нутгийн нийгэм эдийн засаг, хүн амын хүнсний аюулгүй байдал, мал сүргийн эрүүл мэндийн төлөө байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд шантралгүй ажиллаж, хөдөлмөрлөж байгаа малын эмч нарынхаа ажиллах нөхцөл бололцоог хангахаар Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, аймгийн Засаг даргын Тамгын газраас дараах арга хэмжээг зохион байгууллаа.
Аймгийн Мал эмнэлгийн газарт 101.9 сая төгрөгийн шуурхай үйлчилгээний автомашин 3 /пургон, лада, приус/, суурин компьютер, принтер, ширээ сандал, сумдын Мал эмнэлгийн тасгийн чадавхийг сайжруулах зорилгоор 108.6 сая төгрөгийн мотоцикл, оффисын иж бүрэн тавилга, суурин компьютер, принтер өгснийг зуны эхэн сарын шиний 3 ны билэгт сайн өдөр Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Тамгын газрын дарга С.Магнайбаяр, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, Мал эмнэлгийн газрын дарга Б.Болдбаатар нар 27 сумын Мал эмнэлгийн тасгийн Улсын байцаагч, тархвар зүйч эмч нарт гардууллаа.
Мал эмнэлгийн тасгуудад олгогдож буй мотоциклыг БНХАУ-д тусгай захиалгаар хийлгэсэн бөгөөд ган төмөр рамтай, хигээс бүхий төмөр обуд, салхины шил, иж бүрэн хамгаалалт /малгай, арьсан болон нэхий бээлий/, дохиолол болон байршил тогтоох төхөөрөмж зэргийг суурилуулжээ.