Цаг үеийн мэдээ

Цуврал - 2.

       "Цэцэрлэгт байхад нэг удаа аавыгаа ангидаа авчрах өдөр болсон юм. Ямар нэг урлагийн үзлэг байсан санагдана. Би аавтайгаа нэг ч уулзаж үзээгүй байсан. Ээжээсээ аав маань ирж чадах болов уу гэж асуутал ээж "Аав нь завгүй ээ. Аав нь хаан байхгүй юу" гэж хэлэв. Миний аав хаан гэж үү? Тэгвэл би гүнж гэсэн үг юм байна! Би үнэхээр их бахархаж байлаа. Гэхдээ том болох тусмаа би ээж маань намайг тайвшруулах гэж ийм түүх зохиож хэлсэн гэдгийг ойлгосон юм. Ээж намайг ганцаараа өсгөсөн юм. Намайг 6 настай байхад бид Филиппинээс цагаачилж ирсэн ба түрээсийн өрөөнд амьдардаг байв. Гүнж уг нь тэгж амьдардаггүй л дээ. Би аавыгаа асуух тоолонд ээж дуугүй болдог байсан ч ганц нэг зүйл хэлж өгдөг байлаа.

  

        Ээж Малайзад сувилагчаар ажиллаж байхдаа үдэшлэг дээр хаантай таарсан гэнэ. Үүнээс цааш нь яриулах гэхээр ээжид хэцүү байгаа юм шиг санагдаад би лавшруулж асуудаггүй байв. Би энэ тухай бодохоо ч больсон нэг орой утас дуугарсан юм. Би тэр үед 14 настай байлаа. Нэг л сонин бас сонсоогүй аялгатай хоолой "Би эрхэм дээдсийг төлөөлөн ярьж байна, таны захиаг хүлээн авлаа" гэсэн юм. Би яаран сандран ээжид харилцуураа өгч ээж хэдэн минут тэр хүнтэй ярив.

  

     Утсаа тасалсны дараа "Аав нь чамтай уулзмаар байна гэнээ" гэж хэллээ. Ээж бид хоёр Лондон руу нисэж "Intercontinental" зочид буудалд буунгуут нэгэн хуульч биднийг угтан аваад багц багц мөнгө өгөөд "Эрхэм дээдэс маргааш өдрийн зоог хамт барина" гэж хэлэв. Бид зочид буудлын ресторанд уулзахад аав ганцаараа ирсэнгүй, дагалдагчдын хамт ирэв. Хоол идэж байхдаа аав их эелдэг байж намайг эгчтэйгээ их адилхан юм гэж хэлсэн юм. Ээж ихэнхидээ ярьж, олон зүйл шаардав. Шаардлагуудаас санхүүгийн халамжийг нь зөвшөөрсөн ч ааваараа овоглохыг зөвшөөрсөнгүй.

  

       Нэг цаг орчим хоол идээд аав "Манай хүмүүс чам руу ярина" гэж хэлсэн. Түүнээс хойш ахиж хоёр удаа уулзсан, хоёулаа Лондонд, бас хоёуланд нь нэг нэг цаг л уулзсан. Харин хэзээ ч намайг гэр бүлдээ оруулаагүй, хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэхдээ хамгийн талархууштай нь эхний удаа уулзаад салахдаа ээж сүүлийн хүсэлтээрээ ааваас надтай зургаа цуг авахуулахыг хүсээд зөвшөөрүүлж чадсан юм." (https://www.facebook.com/mashasdiary/)

Эх сурвалж: Humans of New York

Орчуулсан: Маша

Таны сурталчилгаа