Иргэдийнхээ ая тухтай, чанартай амьдралыг тэтгэж Төв аймаг 2019 онд 99.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж хэрэгжүүлсэн.
Үүний нэг нь Лүн суманд баригдаж байгаа 450 хүний суудалтай Спорт цогцолбор юм. Уг цогцолбор нь улсын төсвийн 1 тэрбум 100 сая төгрөгийн хөрөнгөөр баригдсан бөгөөд фитнесс өрөө, сургалтын танхим, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, шүршүүр зэргээс бүрдэж байна.
Стандартын шаардлагад нийцсэн спорт цогцолборыг түшиглэн сумын иргэдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна, цэвэрхэн, ая тухтай орчинд бүсийн хэмжээний уралдаан тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой юм.
Барилгын ажлыг “Өгөөмөр-Уул” ХХК гүйцэтгэсэн бөгөөд манай аймаг өөрийн аймгийн барилгын компаниудад давуу эрх олгосноор барилгачдын хувьд байнгын ажлын байртай, үүнийгээ дагаад тогтмол орлоготой байх боломжийг бүрдүүлж байна.