Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий багш нарт төрийн дээд одон медаль гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр 227 дугаар зарлиг гарган Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Шинэ өнөөдөр” сургуулийн бага ангийн багш Баянжаргалын Цэрэнхүү нарыг шагнасныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гардууллаа.
“Шинэ өнөөдөр” сургуулийн бага ангийн багш, тэргүүлэх зэрэгтэй, клиник профессор Баянжаргалын Цэрэнхүү нь 1977 онд Багшийн сургууль төгсөөд ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн бага ангийн багшаар томилогдон, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, тус сургуульдаа тасралтгүй 43 жил багшилж байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, хийсэн бүтээснээ үнэлүүлж, Төрийн дээд шагналаар шагнагдсан багш нарт баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүслээ.