Доминикан улсад аав, ээж нь таван сартай охиноо коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр яст мэлхийний цус уулгасны дараа бяцхан охин цусанд хордож, амиа алджээ.
“Daily Mail” сонинд мэдээлснээр, яст мэлхийн цус ууж, урьдчилан сэргийлэх аргыг хөрш зэргэлдээ Гаити улсын нэгэн удган зөвлөсөн байна. Удганы зөвлөснөөр яст мэлхийн цусыг эхлээд хосууд өөрсдөө ууж, дараа нь долоон настай, таван сартай хоёр охиндоо өгчээ. Гэр бүлийн бүх гишүүд хордлогын шинж тэмдэгтэй Комендадор хотын Роза Дуартэ эмнэлэгт хүргэгдсэн байна. Таван сартай нялх охин эмнэлэгт хүрэхээс өмнө хорвоог орхисон бол эцэг эх, эгчийнх нь биеийн байдал хүнд байна гэж эмнэлгийн захирал Даяна Волькез ярьжээ.