Швейцарын Женев хотод байрлах 1995 онд байгуулагдсан "APOPO" төрийн бус байгууллага нь газрын тэсрэх бөмбөгтэй бүсийг цэвэрлэх, сүрьеэ өвчний халдварыг илрүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг ажилдаа харх ашигладаг байна.
2018 оны судалгаагаар дэлхийн 52 оронд тэсрэх бөмбөгтэй бүс бий. "APOPO" одоогоор Камбож, Колумб, Зимбабве, Ангол зэрэг улсад ажиллаж байгаа ба 2015 онд Мозамбик улсыг "Тэсрэх бөмбөггүй бүс" болоход тусалсан юм.
"APOPO" нь Швейцарын хандивын байгууллагуудаас жилд 4.5 сая швейцар франкийн /13 тэрбум төгрөг/ санхүүжилт авдаг бөгөөд Танзани улсад байрлах бааздаа аварга цагаан хархнуудыг 20 төрлийн бодис илрүүлэх ажилд сургадаг байна.
Нэг хархыг сургахын тулд 5000 швейцар франк /14 сая төгрөг/ зарцуулж 9 сарын турш бэлтгэдэг аж. Тэсрэх бөмбөг илрүүлэхэд металл хайгч, "Beagle" үүлдрийн нохой зэргийг ашиглаж болдог.
Металл илрүүлэгч нь зарим нөхцөлд таардаггүй сул талтай бол харх сургах нь нохой сургахаас хялбар байдаг гэж "APOPO"-ын захирал, үүсгэн байгуулагч Ив Эрвиу-Косс хэлжээ.
Хархуудад жижиг бэхэлгээ зүүлгэж олсноос уян газрыг нэг бүрчлэн самнадаг ба тэд маш бага жинтэй тул тэсрэх бөмбөг дэлбэрдэггүй байна.
"Баатар хархууд" хэмээн хочилсон "APOPO"-ын хархууд мөн өвчтэй хүний шүлсийг үнэрлэн сүрьеэ өвчний халдварыг илрүүлдэг аж. Хүний шүлснээс сүрьеэг илрүүлэхийн тулд эрдэмтэд бүтэн өдрийг зарцуулдаг бол хархууд 7 минутад л таньдаг байна.
Хэдий харх ашиглаж өвчин илрүүлэх нь хурдтай байсан ч амьтан өөрөө өвчин тараах эрсдэлтэй тул төдийлөн ашигладаггүй аж.