Цаг үеийн мэдээ

Цуврал 3.

         "Би Жэйкобтай 19 настай байхдаа үдэшлэг дээр танилцаж байсан юм. Би Бразилаас Нью Иорк руу нүүж ирээд удаагүй байлаа. Түүнээс хойш бид 2 хагацаж салахаа больсон. Бид хоёр бие биенийхээ анхны хайр байлаа. Жэйкоб надад маш их зүйлийг зааж өгсөн. Миний Англи хэлийг сайжруулахын тулд Доктор Сьюзийн номнуудыг уншиж өгдөг байсныг нь санаж байна. Хэдэн сарын дараа бид цугтаа Рио Де Жанеиро руу нүүв. Жэйкобт виз хэрэгтэй байсан тул бид хоёр шүүх танхимд гэрлэлтээ батлуулсан ч бид эсэргүү шиг жинсэн өмд футболкатай очсон юм.    

  

        Риод 7 сар амьдрахдаа өөрсдийн байртай, эцэг эхээсээ хол, үргэлж далайн эрэг дээр очиж цагийг өнгрөөдөг байсан. Гэвч бид хоёр амьдрал эхлэхэд дэндүү залуу байсан юм. Хэрэггүй зүйлс дээр ч хэрэлддэг болов. Залуу байхад нэг бол юм бүхэн сайхан мэт нэг бол юм бүхэн утгагүй санагддаг шүү дээ. Нэг бол Доктор Сьюзийн номоо уншуулаад л бүх юм төгс санагдах ч нэг бол бүр бүх зүйлс аймшигтай хэцүү санагдана.

   

          Удалгүй Жэйкоб гэрлэхэд бэлэн биш байснаа хэлж бид хоёр тийшээ болцгоосон юм. Олон жил холбоогүй байхдаа хоёулаа өөр өөр амьдрал эхлүүлээд бас ахин салцгаасан байв. Түүний талаар бодоогүй их удсан байлаа. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 17-нд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэж суусан өглөө Линкэдинд маань мессеж иртэл Жэйкобоос байлаа. Тэр кофе ууж суухдаа бидний хоорондын инээдтэй яриаг санаж л дээ. Бид хоёр 3 цаг шахуу утсаар ярьлаа. Түүгээр ч зогссонгүй түүнтэй уулзахын тулд Мичиган руу аялахаар очиж 10 хонолоо.

           Онгоцны буудал дээр уулзахад ямар сонин санагдаж байсныг одоо ч мартдаггүй юм. Бид хоёр "бид хоёр" хэвээрээ хэрнээ бид бараг 60 нас хүрсэн байв. Цаг хугацаа нэлээн өнгөрчээ. Тэр маань жоохон гүзээтэй болсон байв. Би ч гэсэн жин нэмж. Бид хоёр 10 хоног зүрх сэтгэлээ нээлцлээ. Энэ цаг хугацааг унтлагын өрөөнд өнгөрүүлсэнгүй, хүүхэд насныхаа талаар, сэтгэлийн шархныхаа талаар, хоёр биенийхээ талаар ярилцав. Эцэст нь бид хоёр хамтдаа амьдралаа эхлүүлэхээр шийдсэн юм. Бид хоёр одоо тэс өөр "улирал"-д иржээ. Бид хоёр бие биенээ илүү халамжилдаг болж, бид хоёр юмыг яаж нэрлэхээ мэддэг болж, хамгийн гол нь бид хоёр хэцүү асуудлаа яаж ярилцахаа мэддэг болж. Залуу цагаас ондоо байлаа. Бид залуу байхдаа юм бүхнийг мэддэг мэт аашилдаг байв. Үүнээсээ болж их ч зовсон, яагаад гэвэл бид залуудаа бараг юуг ч мэддэггүй байж дээ." (https://www.facebook.com/mashasdiary/)

Эх сурвалж: Humans of New York 

Орчуулсан: Маша

Таны сурталчилгаа