Цаг үеийн мэдээ

ЦУВРАЛ 4.

      "Би зүгээр л гадаа тоглож байдаг хүүхдүүдийн нэг байв. Манай гэрт ус, тог байдаггүй байсан. Тийм болохоор сургуулиасаа тарж ирээд би замын хажууд сууж байдаг байв. Замын эсрэг талд гадаад хүмүүс буудалладаг зочид буудал байдаг байсан юм. Тэдний Фрисби тоглохыг, гудамжны наймаачнаас Африкийн сувенир авахыг хараад л байж байдаг байлаа. Тэдний зарим нь хааяа нэг яриа өднө. Би их сониуч, юм асуух дуртай хүүхэд байсан тул тэдэнд ч зугаатай байдаг байсан байх. Нэг орой нэгэн Америк охин над дээр ирээд юм асууж эхлэв.

  

       "Чиний нэрийг хэн гэдэг вэ" гэх мэт энгийн л яриа. "Чиний төрсөн өдөр хэзээ вэ" гэхэд нь "11 сарын 19" гэж хариултал "Үгүй байлгүй дээ, миний бас төрсөн өдөр ш дээ" гэв.

    Бид хоёр найзууд боллоо. Түүнийг Таля гэдэг. Тэр орой болгон над дээр ирэхдээ шоколадтай жигнэмэг авчирч, Gameboy тоглоомоороо тоглуулдаг байсан. Миний гэр бүл, сургуулийн талаар асууна. Би 3 дугаар анги дундаа хамгийн шилдэг сурагч байсан учраас дүнгээ харуултал тэр их сэтгэл нь хөдөлж байв. Намайг анх удаа далайн эрэг рүү дагуулж явсан хүн маань тэр байлаа. Би өмнө нь далай гэгчийг харж үзээгүй байв. Бид хамтдаа үнэхээр хөгжилтэй байдаг байв.

       Гэтэл нэг орой тэр Америк руу буцах гэж байгаагаа хэлсэн юм. Би уйллаа. Таля гудамжны наймаачдаас хос зүүлт авч надад нэгийг нь өгч зургаа авхуулаад, захиа бичихээ амлаад явсан юм. Амлалтаа ч биелүүлж эхний захиа нь хэдэн долоо хоногийн дараа ирэв. Түүнээс хойш зөндөө захиа ирсэн. Тэр гэр бүлийнхэндээ миний тухай ярьж, тэд намайг Америкд ирж аялахыг урилаа.

  

       Нэг сар орчмын хугацаанд тэд намайг бейсболын тэмцээн үзүүлж, хүүхдийн парк, дэлгүүр дагуулан явсан. Миний амьдралын хамгийн жаргалтай үе байлаа. Би Гана (Баруун Африкийн улс)-руу буцахад тэд миний сургуулийн төлбөр, хувцас, ном бүхнийг төлсөн. Намайг инженерийн мэргэжил эзэмших бүх зардлыг тэд гаргасан. Одоо харин би өөрийн компанитай. Кассисын гэр бүл миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн. Би тэдний мэдэхгүй зүгээр л нэг хүүхэд байсан, гэвч тэд надад мөрөөдлөө биелүүлэх боломж олгосон юм.

  

Өнгөрсөн жил би тэдэнтэй уулзахаар очсон. Харин тэр үед би өөрийн зардлаар очсон. Би MIT (Дэлхийн шилдэг технологийн сургуулийн нэг Massachusetts Institute of Technology)-д илтгэл тавихаар очсон юм. Учир нь би тэдний 35 нас хүртэлх шилдэг зохион бүтээгчээр шалгарсан учраас." (https://www.facebook.com/mashasdiary/)

Эх сурвалж: Humans of New York 

Орчуулсан: Маша

Таны сурталчилгаа