Цаг үеийн мэдээ

АНУ-д өрнөж байгаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн олныг хамарсан үймээн самууныг дарахын тулд цэрэг, армийн хүчийг ашиглахыг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп санал болгосон байна. 46 настай өнгөт арьст эр Жорж Флойдын үхлээс үүдсэн эсэргүүцлийн жагсаал нь дотоодын террорист гэмт хэрэг болон хувираад байгааг Дональд Трамп цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцлон хэлсэн байна.

Эмх замбараагүй байдлыг цэргийн хүч ашиглан хүчээр дарах асуудлыг үймээн өрнөж байгаа мужийн захирагч нартай хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

Эсэргүүцлийн хөдөлгөөнийг ашиглан дэлгүүрүүдийг тонон дээрэмдэх гэмт хэрэг ихээхэн гарч байгаа юм.  Цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флойдын ах нь жагсаал хөдөлгөөнийг энхийн тайван замаар явуулахыг жагсагчдад уриалсан байна.

     Газар аваад байгаа үймээн самуун, хулгай, дээрэм тонуул, эвдэн сүйтгэх ажиллагаа, нийтийн болон хувийн өмч хөрөнгөд халдсан балмад үйлдлийг зогсоохын тулд зэвсэглэсэн мянга мянган цэрэг, дайчдыг оруулах нь зүйтэй хэмээн Дональд Трамп үзэж байна.

     Үймээн гарч байгаа муж, хотуудын удирдагчид иргэд, оршин суугчдынхаа амь нас, эд хөрөнгийг хамгаалахад дорвитой арга хэмжээ авч чадахгүй бол энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд АНУ-ын зэвсэгт хүчнийг илгээх болно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа