ОХУ-ын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бүх Оросын санал асуулгыг 7 дугаар сарын 1-ний өдөр явуулах шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан байна. Энэхүү санал асуулга 4 дүгээр сарын 22-нд явагдах ёстой байсан ч коронавирусээс болж хойшлогдсон юм.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэх заалтыг оруулж өгчээ. Хэрэв Оросын иргэд үүнийг дэмжвэл Путин 2024 оны сонгуульд дахин 6 жил төрийн эрх барихын төлөө өрсөлдөх эрхтэй болох юм. Цаашлаад 2036 он хүртэл буюу 84 нас хүртлээ төрийн эрхийг барих боломжтой болох юм.
Ялалтын баярын сүрт жагсаал зохион байгуулагдах 6 дугаар сарын 24-ний өдөр гэхэд ОХУ коронавирусний эсрэг тогтоосон хөл хориогоо цуцалж магадгүй байгаа юм.
Хэрэв цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорио цуцлагдахгүй бол 7 дугаар сарын 1-ний өдөр эхлэх бүх нийтийн санал асуулгын үеэр сонгуулийн хэсэгт очих тусгай нэвтрэх хуудсыг иргэдэд олгох асуудал хэлэлцэгдэж байна. Санал хураалт хэдэн өдрийн турш үргэлжлэх тул иргэдийг нэг дор олноор нь бөөгнөрүүлэхгүй байх арга хэмжээг мөн авч ажиллах юм байна.
Эх сурвалж: ВВС