Төв аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд Заамар суманд 320 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ.
Шав тавих ёслолд Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг болон сумын удирдлагууд оролцлоо.
Заамар сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1925 онд байгуулагдсан ууган сургуулиудын нэг бөгөөд тус сургууль нь 320 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 752 хүүхэд суралцаж байна. Иймд сургуулийн барилгын өргөтгөл шинэчлэлийг хийх хойшлуулашгүй нөхцөл байдал тулгарсан учир шинэ сургуулийн барилгын ажлыг аймгийн “Сутай мандах” ХХК гүйцэтгэж, ирэх оны наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
Энэ бүрэн эрхийн хугацаанд улс, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Заамар суманд нийт 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна.
Тус суманд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлаас дурьдвал энэ онд шинэ сургуулийн барилга, өнгөрсөн 2019 онд Хайлааст багт Эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан юм.