Зургаадугаар сарын нэгний өдөр Хятад улс дахь халдварын "голомт" гэгдсэн Үхань хот нийт оршин суугч буюу 10 сая хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийж дуусгасан байна.
Шинжилгээний дүнгээр халдварын шинж тэмдэггүй 300 тохиолдол, тэдэнтэй ойрын хавьталтай 1174 хүнийг илрүүлж тусгаарлажээ. Коронавирусний халдварын хоёр дахь давлагаа үүсэх эрсдэлд үнэлгээ хийх, хотын оршин суугчдын эрүүл мэндэд хариуцлагатай хандах зорилготой энэхүү нийт иргэдийг хамарсан шинжилгээг 5-р сарын дундуур эхлүүлсэн юм.
Тэгэхээр шинжилгээний дүн, халдварын эрсдэлийн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн орлогч захирал Фэн Зижянь дараах мэдэгдлийг гаргасан байна.
– "Үхань хотын иргэд, оршин суугчдын хувьд шинжилгээний дүн маш чухал. Тэгээд ч нааштай дүн гарсан. Тус хотод коронавирусний халдвар дамжих зам сувгийг үндсэндээ таслан зогсоосон, дахин дэгдэх эрсдэл нь бусад бүс нутагтай ижил түвшин буюу маш дор түвшинд хүрсэн гэдгийг шинжилгээний дүн тайлангаас харж болно" гэжээ.
Шинжилгээгээр дунджаар 100 мянган хүн тутамд 3 тохиолдол илэрч буй нь маш бага харьцаа юм. Халдварын шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдийг илрүүлж тусгаарласан бөгөөд эдгээр шинж тэмдэггүй өвчтөнүүдтэй ойрын хавьталтай гэж үзсэн хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.
6 дугаар сарын 1-нд, Үхань хотын халдвараас урьдчилан сэргийлэх төв крантны ус, бохирын шугам, авто буудал, дэлгүүр, гуанз, цэцэрлэгт хүрээлэн, гэрийн тэжээвэр амьтнаас дээж авч шинжилгээ хийсний дүнд бүгд сөрөг гарсан учраас Үхань хот аюулгүй, Үхань хотоос ирсэн иргэд аюулгүй гэдгийг бүрэн гэрчилж байна гэжээ.
10 гаруй сая хүнийг шинжилгээнд хамруулахын тулд маш олон тооны эмч сувилагчийг дайчлан, шинжилгээ хийх гуравдагч талын байгууллага, төхөөрөмжийг ашигласнаас гадна, "холимог шинжилгээ" хийх буюу лабораторид олон дээжид зэрэг шинжилгээ хийж, хэвийн бус дээжийг ялган авч дахин нарийвчилсан шинжилгээ хийжээ.