OXУ-ын нийcлэл Mockвa xoтoд kopoнaвирycний xaлдвap aвч, эмчлүүлж бaйсaн цaгдaaгийн дэд хурандаа эмнэлгийн цонхоор унаж нас барсан харамсалтай явдал гарчээ.
Тус улсын “Комсомольская правда” хэвлэлд мэдээлснээр хэрэг явдал өнгөрөгч бямба гарагийн орой болсон байна. Москва хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр хохирогч нь 45 настай, цагдаагийн дэд хурандаа Наталья Щербакова гэгч эмэгтэй байсан аж. ОХУ-ын Дотоод хэргийн яамны Шүүх эмнэлгийн ахлах мэргэжилтэн тэрээр өнгөрөгч тавдугаар сарын 23-нд “COVID-19”-ийн халдвар авсан болох нь тогтоогдож, Москва хотын 24-р клиник эмнэлэгт өөр хоёр эмэгтэй өвчтөний хамт нэг тасагт хэвтэн эмчлүүлж байжээ.
Анхны эх сурвалж түүнийг тус эмнэлгийн таван давхрын коридорын цонхоор унаж газар дээрээ нас барсан гэж мэдээлсэн юм. Харин Оросын “РБК” телевиз хохирогч эмэгтэй таван давхраас унасны дараа амьд байсан бөгөөд эрчимт эмчилгээний тасагт амьсгал хураасан гэж мэдээлжээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах баг томилогдож, эмэгтэйн эмнэлгийн цонхоор унах болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Одоогоор хохирогч санамсаргүй байдлаас болж таван давхраас унасан уу, эсвэл санаатай үйлдэл байсан эсэхийг тогтоогоогүй байна.
ОХУ-д үүнээс өмнө гурван өөр байршилд эмч нар эмнэлгийн цонхоор унаж, нас барсан, хүндээр бэртсэн харамсалтай явдал ар араасаа гараад байсан юм. Тухайлбал, өнгөрөгч тавдугаар сарын 7-нд 48 настай, доктор Наталья Лебедева Москва хот дахь өөрийн ажилладаг эмнэлгийн зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Эх сурвалжуудын мэдээлснээр “COVID-19”-ийн халдвар аваад байсан түүнийг нас барахаас нь өмнө хамтран ажиллагсад нь эмнэлэгт коронавирус тархаасан гэж буруутгаж байсан аж. Үүнээс өмнө өнгөрөгч дөрөвдүгээр сард Сибирь мужийн Красноярск хотын нэгдсэн эмнэлгийн дарга, доктор Елена Непомнящаяа мөн өөрийн ажилладаг эмнэлгийн таван давхраас унаж хүндээр бэртсэн харамсалтай явдал гарсан байна. Хэрэг явдал гарахаас өмнө хоёр хүүхдийн ээж тэрээр цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудад хамгаалах хэрэгслийн хомстол үүсээд байгаа талаар хүчтэй анхааруулж байжээ.