Коронавирусний халдварын тархалтаараа АНУ-ын дараа дэлхийд 2 дугаарт бичигдэж байгаа Бразил улсад цар тахлын нөхцөл байдал маш хүнд байна. Тус улсад коронавирусний эндэгдэл сүүлийн нэг хоногт хамгийн их бүртгэгдэж 1,349 хүн амиа алдсан байна. Өмнөх өдөр нь 1,262 хүн цар тахлаар амиа алдаж байсан юм.
Ийнхүү Бразил улсад хоногт нэг мянгаас дээш хүн амиа алдаж байгаа нь томоохон хотуудад хөл хориог сулруулсантай холбоотой юм байна. Рио де Жанейро хотод далайн эрэгт хүмүүс олноороо цугларч байгаа бол Сан Пауло хотод зарим худалдааны төвүүд үүдээ нээсэн байна.
Цар тахлын эндэгдлээрээ дэлхийд 4 дүгээрт бичигдэж байгаа Бразил улсад коронавирусний халдвараар нийт 31,199 хүн амиа алдаад байгаа юм байна. Харин халдварын нийт 555,383 тохиолдол бүртгэгдсэн нь АНУ-ын дараа 2 дугаарт бичигдэж байгаа юм.
Бразил улс цар тахалтай хэрхэн тэмцэх талаар дотооддоо нэлээн санал зөрөлдөж байгаа юм. Бразилийн эрүүл мэндийн салбарынхан онц байдал зарлаж, хорио цээрийн чанга дэглэм тогтоохыг шаардаж байгаа юм.
Харин үүнийг нь тус улсын Ерөнхийлөгч эсэргүүцэж эдийн засгийн хямрал нь ард иргэдэд вирусээс илүүтэйгээр хохирол учруулах болно гэсэн байр суурьтай байгаа юм.
Эх сурвалж: Риа новости