Америкийн рэп од Кэни Уэст цагдаа нарын гарт амь үрэгдсэн африк гаралтай иргэдийн гэр бүлд туслах санд $2 саяыг хандивлаж байгаагаа Пүрэв гарагт зарлажээ.
Хамгийн сүүлд Миннеаполис хотын оршин суугч Жорж Флоид цагдаад алагдсан бол энэ он гарсаар Ахмауд Арбери, Брэонна Тэйлор нар дараалан хууль сахиулагчдын харгислалын хохирогч болоод байгаа.
Уэст бас Жорж Флоидын 6 настай охин Жианна Флоидын коллежийн төлбөрийг бүрэн даах болсныг дуучны бие төлөөлөгч хэвлэлд мэдээлсэн байна.
Сүүлийн өдрүүдэд АНУ-ын томоохон хотуудад төдийгүй дэлхийн зарим улс орнуудад африк гаралтай америкчуудын эрхийг хамгаалахыг шаардсан тэмцэл өрнөөд байгаа.
Тэмцлийн үр дүнд Жорж Флоидын амийг хөнөөсөн цагдаа Дерек Човинд прокурорууд хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг үүсгэсэн бол түүнд тусалсан бусад гурван цагдаад мөн хэрэг үүсгээд байна. Дерек Човин нь хуурамч мөнгөн дэвсгэртээр дэлгүүрээс тамхи худалдаж авсан хэрэгт Флоидыг сэжиглэж, баривчлахдаа хүзүүн дээр нь 9 минут орчим хугацаанд өвдөглөж сууснаар амийг нь хөнөөсөн юм.
Хоёрдугаар сарын 23-ны өдөр Жоржиа мужийн Брунсвикт гадаа гүйж байсан Ахмауд Арберийг цагаан арьст цагдаа нар буудаж хөнөөжээ.
Түүний аллагатай холбоотой гурван цагдаа баривчлагдаад шалгагдаж байна.
Гуравдугаар сард Кентаки мужийн иргэн Брэонна Тэйлорын гэрт гурван цагдаа хүчээр дайрч орохдоо түүнийг найман удаа буудаж амийг нь хөнөөжээ. Холбооны Мөрдөх Товчоо одоо энэ хэргийг шалгаж байгаа юм.