ЦУВРАЛ–7.
"Яг л зохиомол телевизийн шоун дээр гардаг шиг хаягдалт байсан. Бид хувцас угаалгын газар байж байхад аав хоол аваад ирье гээд машинаа унаж яваад эргэж ирээгүй юм. Аав тэгэхэд 24 настай, залуухан аав болсон нь дарамттай хэцүү санагдаад явчихсан байх. Ээж маань их л хэцүү нөхцөл байдалд үлдсэн.
Учир нь би удалгүй өвдөж, доголж эхэлсэн юм. Эмч нар оношилж мэдэхгүй байлаа. Ихэнхи нь тархины саажилт эсвэл булчингийн хатингаршил гэх мэтээр таамаглаж байсан ч эмчилгээ нь нөлөөлөхгүй байв. Тэр үед л байх, ээж "Red lobster" (ресторан)-д ажиллаж байхдаа Эриктэй танилцлаа. Ээж зөөгч, Эрик бартендер байсан юм. Би 5 настай жоохон хүүхэд байсан болохоор Эрикийг "ээжийн урт хуузтай, күүл найз" гэж л мэддэг байлаа. Бид түүний гэрт их цагийг өнгөрөөдөг болов. Тэр оригнал Нинтендотой, тэрүүгээрээ намайг тоглуулдаг байсан. Цуг өнгөрөөсөн анхны зул сарын баяраар тэр надад Батман-ы тоглоом бэлэглэсэн юм. Бид улам дотносож, Эрик миний эрүүл мэндэд маш их анхаарч байлаа. Нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх зардлыг гаргав. Энд тэндгүй л хүүхдийн эмнэлэг рүү хүргэж зөөдөг байв.
Арайхийж намайг зөв оношилсон эмчтэй таарч, зохих эмчилгээгээ хийлгэж эхэлсэн юм. Түүний дараахан Эрик ээж хоёр гэрлэлээ. Тэгээд ахиад гурван хүүхэдтэй болсон. Би яг л "Jon Snow" (Game of Thrones киноны бутач хүү) шиг л байсан ч Эрик надад хэзээ ч тэгж мэдрүүлдэггүй байв. Яг л хүү шигээ ханддаг байсан.
Намайг ахлах сургуульд байхад, миний бага дүү нас барж, тэр үйл явдлаас хойш ээж аавын маань сэтгэл санаа нь засал аваагүй байх гэж боддог. Тэр хоёр саяхан гэрлэлтээ цуцлуулсан тул Эрик бид хоёрын харилцаа ч уг нь хууль ёсны биш болсон гэсэн үг. Найз нөхөд, танилаас арай дотно гэх юм уу. Гэхдээ л тэр надад байхгүй байсан аавыг орлож миний хувьд аав гэж ямар хүн байдаг талаар дүр төрх, үлгэр дууриалыг бүтээж өгсөн хүн.
30 жилийн өмнө Эрик хэцүүхэн зүйлд хөл тавьсан. Ядуу ганц бие ээж, дээр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Түүнд өөр зүг рүү алхах боломж байсан ч тэр тэгээгүй. Эрик энэ зүйлд гар бие оролцохоор, "аав" болохоор шийдсэн юм. Түүний энэ шийдвэрийн хүчинд би одоо ийм эр хүн болж, өдий зэрэгтэй амьдарч яваа юм. "
(https://www.facebook.com/mashasdiary/)
Эх сурвалж: Humans of New York
Орчуулсан: Маша