Дэлхий даяараа коронавирустэй тэмцэж байгаа энэ үед олон оронд зайлшгүй хийгдэх ёстой товлолт вакциндаа хүүхдүүд хамрагдаж чадахгүй байна. Үүнээс болж анагаах ухаан аль хэдийн вакцин гаргаж, урьдчилан сэргийлж чаддаг болсон олон халдварт өвчнөөр хүүхдүүд амиа алдах эрсдэлтэй байгааг НҮБ-ын Хүүхдийн Сангаас анхааруулжээ. Ковид-19 цар тахлаас болж дэлхийн 68 оронд товлолт вакцин ямар нэгэн байдлаар хийгдэхгүй байгаа юм байна.
Ингэснээр дэлхийн хэмжээнд 80 сая орчим хүүхэд товлолт хугацаандаа вакцинаа хийлгэж чадахгүй нөхцөл байдалд байна. Эдгээр хүүхдүүдийн 34,8 сая нь Зүүн Өмнөд Азийн орнуудад, 22,9 сая нь Африкт амьдарч байгаа юм.
Вакцинд хамрагдахаар эмнэлэгт очих нь коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй юм. Үүнээс гадна эмнэлгийн ихэнх ажилчид коронавирусний эсрэг тэмцэлд дайчлагдаад байгаа учир хүүхдүүдэд вакцин хийх мэргэжилтэн зарим оронд хомсдолтой байгаа юм.
Хөгжил буурай орнуудад нөхцөл байдал хамгийн хүнд байна. Тухайлбал Непал, Камбож улсуудад улаан бурханаар хүүхдүүд өвчлөх нь эрс нэмэгдсэн байна. Харин Этиоп улсад холер, чичрэг өвчний тархалт нэмэгджээ.
Хэрэв нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл дэлхийн хэмжээнд хүүхдийн эндэгдэл өдөрт 6 мянга орчмоор нэмэгдэж болзошгүй гэж Жон Хопкинсийн их сургуулийн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Эх сурвалж: ВВС