Цаг үеийн мэдээ

Молдавын нийслэл Кишинев хот дахь ОХУ-ын  элчин сайдын яаманд тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээлэл албаны цахим шуудангийн хаягт нь ирсэн байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Молдавын цагдаа нар тэсрэх бөмбөг илрүүлэх ажиллагааг ОХУ-ын элчин сайдын яамны нутаг дэвсгэрт явуулж, хуурамч мэдээлэл болохыг нь тогтоосон байна. Энэ үеэр элчин сайдын яамны ажилчид болон гэр бүлийн гишүүдийнх нь аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авч ажиллажээ. Ийм  төрлийн хуурамч сүрдүүлэг энэ долоо хоногт 2 дахь удаагаа ирсэн нь энэ юм байна. Кишинев дэх ОХУ-ын элчин сайдын яаманд тэсрэх бөмбөг суурилуулсан гэх хуурамч мэдээлэл өмнө нь энэ сарын нэгний өдөр мөн ирж байжээ.

Удаа дараагийн хуурамч сүрдүүлэгтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, эзэн холбогдогчийг нь тогтоохоор шалгаж эхэлсэн байна. Дэлбэлнэ гэх хуурамч мэдээлэл энэ 6 дугаар сар гарснаас хойш Бразил, Аргентин, Чили улсууд дахь ОХУ-ын элчин сайдын яаманд мөн ирсэн байна. Тухай бүрд элчин сайдын яамны ажилчдыг нүүлгэн шилжүүлж, тэсрэх бөмбөг илрүүлэх ажиллагааг явуулсан байна.

Эх сурвалж: vesti.ru

Таны сурталчилгаа