Миннеаполис хотын цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флойдын гэр бүлийнхэнд туслах хандивын аянд одоогийн байдлаар 13,301,500 ам.доллар цугласан байна.
Флойдын ахын эхлүүлсэн “GoFundMe” аян анх 1,5 сая ам.доллар цуглуулах зорилготой байсан байна. Харин Флойдын гэр бүлийнхэнд туслахыг хүссэн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэж, 480 мянга гаруй хүнээс хандив цугласан байна.
Цугласан мөнгөнөөс Флойдын оршуулгын зардал, хайртай дотны хүнээ алдсан гэр бүлийнхэнд нь сэтгэл санааны тусламж үзүүлэхэд болон шүүхийн зардалд эхний ээлжинд зарцуулах юм байна. Хандивын зарим хэсгийг Флойдын хүүхдүүдийн боловсролын зардал болон бусад зүйлд зарцуулах юм байна. Ачааны машины жолоочоор болон хамгаалагчаар ажиллаж байсан Жорж Флойд 5 хүүхэдтэй юм байна.
Эргэн сануулахад Африк Америк гаралтай иргэн 46 настай Жорж Флойд 5 дугаар сарын 25-нд хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн хэргээр гудамжинд баривчлагдах үедээ цагдаа нарын гарт амиа алдсан юм. Түүний үхэл АНУ-д төдийгүй дэлхийн олон оронд “Би амьсгалж чадахгүй байна” хэмээх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөнийг өрнүүлж байгаа билээ.