Цар тахал дэгдэж эхлэх үед дэлхийн эрүүл мэндийн байгууллага амны хаалтыг зөвхөн коронавирусний халдвартай болон шинж тэмдэг илэрсэн хүмүүс, мөн тэдгээрийн ойр хавьд байгаа хүмүүс л зүүх ёстой гэсэн зөвлөмжийг хүргэж байсан юм.
Тэгвэл ДЭМБ энэ байр сууриа өөрчилж олон нийтийн газар хүн бүр заавал амны хаалт зүүх ёстой гэсэн байна. Энэ нь коронавирусний дэгдэлтийг зогсооход тустай тул шинэ зөвлөмжийг ард иргэддээ хэрэгжүүлэхийг дэлхийн улс орнуудын засгийн газарт уриалсан байна. Ингэхдээ эмнэлгийн нэг удаагийн амны хаалтаас татгалзаж даавуун маск зүүхийг санал болгосон байна.
Дэлхийн олон оронд тэр дундаа азийн орнуудад олон нийтийн газар заавал амны хаалт зүүх ёстой гэсэн журам аль хэдийн мөрдөгдөж, хэвшил болоод байгаа юм. Харин барууны ихэнх орнуудад энэ журам мөрдөгдөхгүй байгаа бөгөөд зарим орнуудад зөвхөн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үедээ амны хаалт зүүхийг шаардаж байгаа юм.
ДЭМБ-ын дүнгээр цар тахал анх дэгдснээс хойш дэлхийн хэмжээнд 6 сая 535 мянга 354 хүн халдвар авч, 387,155 хүн коронавирусээр амиа алдсан байна. Зөвхөн сүүлийн нэг хоногт дэлхийн хэмжээнд халдварын 129,281 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС