Цаг үеийн мэдээ

Өнгөт арьстан иргэн Жорж Флойдын үхлээс үүдэлтэй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөн аль хэдийн АНУ-аас хальж Европын олон оронд өрнөж байгаа билээ. Их Британид коронавирусний дэгдэлт өндөр байгааг үл харгалзан тус улсын Манчестер, Кардифф, Лестер, Шеффиелд хотуудад олон мянган хүнийг хамарсан жагсаал боллоо.

Өнгөт арьстнуудын эрхийн төлөөх “Black lives matter” хөдөлгөөн эхэндээ тайван замаар явагдсан ч оройн нь Даунинг Стритэд эмх замбараагүй байдал бий болж жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна. Энэ үеэр 14 хүн баривчлагдаж, цагдаагийн 10 гаруй албан хаагч гэмтэл авч, цагдаагийн нэг морь бэртсэн байна.

Лондоны захирагч Садик Хан жагсагчидтай эв санаа нэг байгаагаа илэрхийлж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг энэхүү чухал тэмцлийг хүчирхийлэл болгон хувиргахыг санаархаж байгаа хэсэг бүлэг хүмүүст хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна.

 

Уотфорд хотод болсон жагсаалд мэргэжлийн боксийн хүнд жингийн дэлхийн аварга Энтони Жошуа оролцсон байна.

Жагсагчид нэг дор олноороо цуглахыг хориглосон хорио цээрийн дэглэмийг үл ойшоон тэмцэж байгаа юм. Жагсаалд оролцогчид “Ковид-19-с илүү хор хөнөөлтэй вирус бидний дунд тархаж байна. Тэр нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт гэдэг нэртэй вирус” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа