Өнгөт арьстан иргэн Жорж Флойдын үхлээс үүдэлтэй арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн хөдөлгөөн Их Британийн олон хотод үргэлжилсээр байна.
Өчигдөр Бристол хотын жагсагчид 17 дугаар зуунд амьдарч байсан Английн парламентын гишүүн, боолын худалдаачин Эдвард Колстоны хөшөөг буулгасан байна. Жорж Флойдын аминд хүрсэн Америк цагдаагийн үйлдлийг сануулах зорилгоор жагсагчид хөшөөний хүзүүн дээр өвдөглөсөн байна.
Өмнө нь Бристол хотод олон ч удаа маргаан дэгдээж байсан энэхүү хөшөөг хүчээр буулгасныхаа дараа жагсагчид хөшөөг хотын гудамжаар чирж, дараа нь ус руу шидсэн байна. Хөшөөний суурийг жагсагчид тайз болгон ашиглаж, дээр нь гарч зогсон өөрсдийнхөө дуу хоолойг өргөж байсан байна.
Түүхэн хөшөөг хүчээр буулгасан жагсагчдын энэ үйлдлийг Их Британийн дотоод хэргийн сайд Притти Пател хурцаар шүүмжилж, нийгмийн хэв журмыг зөрчсөн гудамшигт үйлдэл хэмээн үзсэн байна.
Жагсагчид мөн Уинстон Черчиллийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч байсанд буруутгаж, түүний хөшөөг будгаар шүршсэн байна.
Олон арван мянган хүн оролцож байгаа Их Британийн жагсаал ихэнх хотод тайван замаар өрнөж байгаа ч, Лондон хотод эмх замбараагүй байдал бий болж, жагсагчид болон цагдаа нарын хооронд дахин мөргөлдөөн болсон байна. Энэ үеэр цагдаагийн олон албан хаагч бэртэл авсан байна.
Жагсагчид цагдаа нарын эсрэг хүч хэрэглэж, биед нь гэмтэл учруулж байгаад харамсаж байгаагаа Лондон хотын цагдаагийн дарга илэрхийлж, жагсаалаа тайван замаар явуулахыг жагсагчдад уриалсан байна.
Эх сурвалж: ВВС