Цаг үеийн мэдээ

      Бразил улсын засгийн газар өнгөрсөн Бямба гарагаас эхлэн коронавирусний халдварын нийт тохиолдол, нийт нас баралтын тоог зарлахаа зогсоожээ.

       Тус улсын ерөнхийлөгч Жайр Болсонару ийм шийдвэр гаргасан байна. Мэргэжилтнүүд, судлаачид Бразилын засгийн газрын гаргаж байгаа албан ёсны тоо баримтыг бодитой биш гэж шүүмжилдэг байсан юм.

    Хамгийн сүүлийн байдлаар тус улсад батлагдсан халдварын тоо 615,000 орчим, нас баралтын тоо 34,000 гаруй байжээ. Халдварын тоо нь дэлхийд АНУ-ын дараа хоёрт орох, нас баралтын тоо нь АНУ, Их Британийн дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм.

     Өмнөд Америк тивийн хамгийн том улс Бразил 210 сая хүн амтай.

   Тэгвэл Бямба гарагаас эхлэн тус улсын эрүүл мэндийн яам вэбсайтаасаа халдварын болон нас баралтын нийт тоог хасаж, зөвхөн сүүлийн 24 цагийн хугацаанд нэмэгдсэн тоог харуулах болжээ.

    Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару твиттер хуудсандаа "Covid-19 өвчний нийт тоон үзүүлэлт нь тус улсын өнөөгийн нөхцөл байдлыг илэрхийлэхгүй" гэж үзэж байгаа тул хасах шийдвэр гаргаснаа Бямба гарагт тайлбарласан байна.

Таны сурталчилгаа