Тоо толгой нь цөөрч сөнөхөд ойр байсан Баруун Өмнөд Атлантын бөгтөр халим Өмнөд Америкийн эрэг хавиар олноор үзэгджээ. Дэлхий дээр нийт 16 бөгтөр халимын төрөл оршдгоос дөрөв нь ховордсон, нэг төрөл нь нэн ховор устах магадлалтайд тооцогддог байна. Сүүлийн зуун жилийн хугацаанд хулгайн анчид 300 гаруй мянган бөгтөр нуруут халим агнажээ. Хорьдугаар зууны эхээр зөвхөн Баруун Өмнөд Атлантын бөгтөр нуруут халим гэхэд хорин жилийн дотор 25000 гаруй нь ангийн олз болж, 1950–аад оны дундуур тоо толгой нь 450 хүртлээ буурсан байжээ.
1960–аад оноос тоо толгой нь цөөрсөн, устаж буй амьтдыг хамгаалах болжээ. Тавин жилийн турш халим загасны тоо толгой мэдэгдэхүйц олшроогүй ч сүүлийн судалгаагаар халим загасны тоо толгой сэргэн арван наймдугаар зуунд хэт ихээр агнаж эхлэхээс өмнөх тоо толгойнхоо 93 хувьд хүрчээ гэсэн үр дүн гарсан байна.
Халим загас судлах судалгааны багийг ахлан ажиллаж буй халим судлаач Александре Зербинийн хэлснээр энэ нь хүн төрөлхтөн зөв зүйл хийж чадвал байгалийг сэргээж чадахын нэгэн жишээ, цаашид ч дэлхий дээрх устаж буй амьтдыг аврахыг оролдож буй мэргэжилтнүүдэд урам өгөх амжилт гэжээ.
Зербини болон түүний хамт олон өөрсдийн тооллогын тайлан дээрээс ч олон халим байгаа гэж үзэж байгаа юм. Судлаачын мэдэгдэж буйгаар 2030 он гэхэд Баруун Өмнөд Атлантын бөгтөр нуруут халимын тоо бүрэн сэргэх ажээ. Одоогоор халим судлаачдын багийн санаа зовох зүйл нь дэлхийн дулаарал тоо толгойн сэргэлтэд нөлөөлөх эсэх бөгөөд амьтад цаг уурын дулааралтай холбоотой нүүдэллэж хоол хүнсний хомстол үүсэх магадлал байгаад санаа зовжээ.
Баруун Өмнөд Атлантын бөгтөр халим устахаас аврагдсан энэ тохиолдлоос хүн төрөлхтөн байгаль дэлхийд өөрийгөө сэргээх боломжийг олгох л юм бол боломжгүй зүйл үгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.