Бүгд Найрамдах Бурунди улсын өнөөгийн Ерөнхийлөгч Пьерр Нкурунзиза зүрх нь гэнэт зогссоны улмаас 55 насандаа таалал төгссөн байна. Тэрээр өнгөрсөн бямба гарагт бие нь муудсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд даваа гарагт зүрх нь гэнэт зогсч түүний амийг аврах оролдлого амжилтгүй болсон байна.
Бурундигийн төрийн эрхийг сүүлийн 15 жилийн турш барьсан тэрээр энэ оны 8 дугаар сард суудлаасаа буух ёстой байжээ. Бурханы нэрийн өмнөөс ард түмнээ удирдаж байна хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан тэрээр дахин гурав дахь удаагаа сонгогдож төрийн эрхийг үргэлжлүүлэн барина гэдгээ 2015 онд мэдэгдэж байсан юм.
Түүний энэ шийдвэр тухайн үед иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч улс оронд нь эмх замбараагүй байдал бий болж байжээ. Тэр үед цэргүүд төрийн эргэлт хийхээр оролдсон нь бүтэлгүйтэж, мөргөлдөөний үеэр 1200 орчим хүн амиа алдаж, 200 мянга гаруй хүн улс орноосоо дүрвэхэд хүрсэн юм.
2018 онд үндсэн хуульдаа оруулсан өөрчлөлтийн дараа Пьерр Нкурунзиза өнгөрсөн сард явагдсан сонгуульд дахин ерөнхийлөгчийн төлөө 4 дэх удаагаа өрсөлдөх эрхтэй болсон ч тэрээр тэтгэвэртээ гарахаар шийдсэн юм. Тэрээр тэтгэвэр болгож 540,000 ам.доллар болон тансаг харш авахаар болсон байжээ.
Нкурунзиза улс оронд нь дэгдсэн коронавирусний халдвартай тэмцэхэд хангалттай арга хэмжээ авч чадахгүй байна гэсэн шүүмжлэлд сүүлийн саруудад өртөж байсан юм. Тэрээр хөл хорио тогтоохын оронд ард түмнийг нь бурхан хамгаална хэмээн мэдэгдэж, цар тахлын оргил үеэр 5 дугаар сарын 20-нд ерөнхийлөгчийн сонгуулийг явуулсан юм.
Зарим эх сурвалжууд түүний эхнэрийг коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн хэмээн мэдээлж байгаа юм. Харин Нкурунзиза өөрөө халдвар авсан байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Төрийн тэргүүнээ таалал төгссөнтэй холбогдуулан Бурундигийн засгийн газар улс даяар 7 хоногийн гашуудал зарласан байна. Тус улсын үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүн нь үүрэгт ажлаа гүйцэтгэж байх үедээ таалал төгсвөл үндэсний ассамблейн ерөнхийлөгч нь төрийн эрхийг авах ёстой юм.
Харин өнгөрсөн сард явагдсан сонгуульд ялалт байгуулсан Эваристэ Ндаяшимие 8 дугаар сард Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм байна.
Эх сурвалж: ВВС