ЦУВРАЛ – 12.
"Би жоохон байхдаа ээжийн бөгж хоёр илүү шигтгээтэй байгааг анзаарснаа санадаг юм. Хоёулаа бадмаараг чулуу байсан. Ээж надад энэ чулуунууд хоёр ихэр ахыг маань илэрхийлсэн утгатай гэж тайлбарлаж өгсөн юм. Ээж 22 настай байхдаа тэднийг төрүүлсэн ч өсгөж чадахааргүй байсан тул өөр айлд өргүүлсэн гэж хэлсэн. Би илүү ихийг мэдмээр байсан боловч харамсалтай нь нууцлалтай үрчлэлт байсан.
Жил болгон ах нарын зураг ирдэг байсан ба тэд надтай адилхан байгаа нь миний сониуч занг улам хөдөлгөдөг байлаа. Гэхдээ үүнээс өөр ямар ч мэдээлэл байгаагүй юм. Бид овгийг нь хүртэл мэдэх боломжгүй байлаа. Ээж гэхдээ хил хязгаар давахгүй байхаар шийдсэн байсан. Үргэлж л надад "Би ах нартай нь уулзмаар л байна. Чамайг ч уулзмаар байгааг мэдэж байна. Гэхдээ бидний биш тэдний мэдэж шийдэх асуудал" гэж хэлдэг байсан юм. Тийм болохоор би ч хүчлэхээ болилоо.
2017 онд ээж маань хорт хавдраар хүнд өвчиллөө. Энэ үед ээжид ах нарын ээжээс захиа ирсэн юм. Тэд яаж амьдарч байгаа талаар нь ямар сургуульд сурсан, амралтаар хаашаа явсан гэх мэт ерөнхий зүйлсийн талаар бичсэн байлаа. Захианыхаа төгсгөлд "Надад аз жаргал хайрласанд маш их баярлалаа. Би хүүхэдтэй болж чаддаггүй байсан, та надад бүр хоёр хүүхдээ өгсөн" гэж бичсэн байв. Ээжийн сэтгэл ихэд хөдөлсөн ч намайг тэдэнтэй холбогдохгүй байхыг сануулсаар байв. "Бид оролцох ёсгүй" гэж хэллээ.
Хэдэн сарын дараа ээжийн биеийн байдал бүр муудаж, асрах эмнэлэгт (эмчилгээгүй болсон хүмүүсийн) хэвтлээ. Би энэ үед "Засс яадгийн" гэж бодоод ах нартаа Фэйсбүүкээр захиа бичлээ. Би ээжийн биеийн байдлыг тайлбарлаад хэрвээ төрсөн ээжтэйгээ уулзмаар байвал яг одоо амжиж уулзах хэрэгтэй гэдгийг хэлэв. Тэд гялс хариу бичиж хэдхэн өдрийн дараа онгоцоор нисээд ирлээ.
Асрах эмнэлгийн гадаа зогсоол дээр анх уулзаад эхний хоёр минут нэлээн эвгүй байв. Тэгээд л дороо гайгүй болчихсон, ах нар маань гоё хүмүүс байв. Тэдний ээж нь цуг ирсэн ба тэр ч их сайхан хүн байлаа.
Бид дотогшоо орлоо. Ээж тэр өглөө их цовоо байсан. Тэднийг хараад шууд л таниад "Бурхан минь, миний хөвгүүд" гэж дуу алдсан. Ах нар нэг нэг гарыг нь бариад суухад ээж "Би цаг ямагт та хоёрыгоо боддог байсан, үргэлж хайрладаг байсан. Би та хоёртоо зөвхөн сайн сайхныг л хүсдэг байсан" гэж хэллээ.
Ах нар "Бид мэднээ. Бид таны ингэж боддогийг угаасаа мэддэг байсан шүү" гэж хариулсан. Үнэхээр сайхан мөч байсан. Үүнээс 2 цагийн дараанаас ээж ядраад унтаад өгсөн. Тэр оройноо ээж минь тэнгэртээ амгалан нойрссон юм."
(https://www.facebook.com/mashasdiary/)
Эх сурвалж: Humans of New York
Орчуулсан: Маша