ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
"Дэлхийн 216 оронд коронавирусyий халдвар тархаж, 7.3 сая өвчилж, 412 мянган нас барсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 мянган шинээр өвчилж, 2000 гаруй хүн нас баржээ. Европ дахь байдал сайжирч байгаа хэдий ч дэлхий даяар улам дордсоор байна.
АНУ-д жагсаал, цуглаан болж байгаатай холбоотой 29 мужид өвчлөл нэмэгдсээр байна. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 8595 хүн шинээр коронавирусний халдвар авчээ. Ялангуяа Буриад, Тува, Читид өвчлөл өмнөх өдрийнхөөс 44-87 хүнээр нэмэгдсэн байна. Тувад өчигдөр 87 хүн шинээр өвчилж, нийт өвчлөлийн тоо 1800-г давж, 4 хүн нас барсан. Өчигдөр Тувад хөл хориог чатгатгаж, 14 хоног хатуу хорио тогтоосон байна.
Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 58 хүн шинээр орсон. Ажиглалтаас 187 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 1888 хүн ажиглалтад байгаа. Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 24-өөс хойш 4294 иргэн гэрийн тусгаарлалтад орсон. Одоогоор 389 иргэн гэрийн ажиглалтад байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарт 150 дуудлага ирсэн" хэмээлээ.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжиж байна. 25-27 хоног эмчлэгдэж эдгэрсэн иргэний нэг нь цэргийн сургуулийн оюутан бол нөгөө нь Алтанбулаг боомтоор орж ирсэн мөн оюутан хүүхэд.
Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 194 байгаагаас 87 нь эдгэрлээ. Эмчилгээнд 107 хүн байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 91 хүн хөнгөн, 16 хүн хүндэвтэр байна.