Цаг үеийн мэдээ

       “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 15-65 насны иргэдэд элэгний В, С вирусийн ачаалал тоолох шинжилгээг 16 лабораторид төлбөргүй хийж байна. Улсын хэмжээнд уг хөтөлбөрт 1.057.629 хүн хамрагдаад байна. Тэднээс 149.300 нь вирусээ тоолуулсан бол 5621 нь баталгаажуулах шинжилгээ хийлгэсэн байна.

     Энэ хөтөлбөрт хамрагдаагүй иргэд эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлөөд, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж, В, С вирустэй үгүйгээ эхлээд шинжлүүлнэ. Хэрвээ вирус илэрвэл Улсын I эсвэл III төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Улаанбаатар Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Бона вита”, “Аллерги мед”, “Оношмед”, “Медипас”, Элэгний төв, “Мед аналитик”, “Гялс”, “Протлаб” лабораторийн аль нэгэнд нь очиж, вирусээ тоолуулах юм. Лабораторид очихдоо сум, өрхийн эмнэлгээс баркодтой бичиг авах ёстой.

     Вирус тоолуулахад идэвхтэй гэж гарвал дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт очиж, элэгний С вирусийн эсрэг эмийн жор бичих эрхтэй эмчид үзүүлж, өөрийнхөө мэдээллийг “Цахим мэдээллийн сан”-д бүртгүүлнэ. Ингээд вирусийн эм хямд үнээр авч уух боломж бүрдэх юм байна.

     15-65 настай, эрүүл мэндийн даатгалаа төлсөн, Монгол Улсын иргэн В, С вирус тоолох шинжилгээг амьдралынхаа туршид 2 удаа даатгалаараа хийлгэх эрхтэй. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалаараа нийт 2 сая төгрөгийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байж болохгүй.

Таны сурталчилгаа