Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Уг нислэгээр Казахстан улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна Киргиз, Узбекистан, Тажикистан улсад гацаад байсан иргэд буюу нийт 175 иргэн эх орондоо ирэв. Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй гэр бүл 64, эрүүл мэндийн шалтгаантай 37, өндөр настан 15, жирэмсэн 9, хөгжлийн бэрхшээлтэй 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 41 иргэн багтсан болно. Өнөө өглөө 08.00 цагт Улаанбаатар хотоос хөөрсөн дээрх нислэгээр хилийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбоотойгоор Монгол Улсаас нутаг буцах боломжгүй байсан Казахстан улсын 79 иргэнийг эх оронд нь хүргэж өгсөн юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.