Коронавирусгүй улс болсноо албан ёсоор зарласан Шинэ Зеландад сүүлийн 20 хоног дараалан халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.
Тус улс 3-р сарын 26-нд улс даяар тогтоосон хөл хориогоо бараг бүгдийг нь цуцлаад байгаа юм. Сургууль, албан байгууллага, үйлчилгээний газрууд бүгд хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд хурим, оршуулгын ёслол, нийтийн тээврийн хэрэгслүүдэд үйлчилж байсан хориог цуцалсан юм. Мөн олон нийтийн газарт иргэд хоорондоо зай барих шаардлагагүй болсон байна.
Хөл хориог сулруулсан зарим оронд халдварын тохиолдол дахин нэмэгдэж байгаа бол Шинэ Зеланд улсын хувьд иргэд нь хэвийн амьдралдаа эргэн орсон ч халдварын нэг ч тохиолдол бүртгэгдэхгүй байгаа нь коронавирусийг бүрэн ялсныг илтгэж байна хэмээн эрх баригчид нь үзэж байна.
Шинэ Зеландад цар тахал дэгдснээс хойш халдварын нийт 1154 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас барсан юм. Халдвар авсан хүмүүс бүгд эдгэрсэн бөгөөд эмнэлэгт нь коронавирусээр хэвтэн эмчлүүлж байгаа нэг ч хүн үлдээгүй байна.
Эх сурвалж: independent