ЦУВРАЛ- 15.
Миний аав их онцгой зан араншинтай. Аавын жинхэнэ нэрийг Жэймс гэдэг ч хүн болгон түүнийг Баз (нэг з-тэй) гэж дууддаг. Аав олны анхаарлын төвд байх дуртай. Намайг жоохон байхад гэр бүлээрээ зургаа авахуулах бүрт аав цамцаа сөхөж үстэй гэдсээ харуулдаг байв. Одоо ч гэсэн эмээ рүү жил бүрийн 4 сарын 1-нд залгаж ээжийг жирэмсэн болчихсон гэж тоглодог. Зарим хүмүүст аав маань инээдтэй санагддаггүй юм. Би аавыг сургуулийн бүжгэн дээр бусад эцэг эхчүүдтэй яриа өрнүүлж эхлэхэд нь сүнс зайлдаг байлаа. Яагаад гэвэл аав хүмүүстэй зүгээр ярилцдаггүй. Үлгэр зохиогоод эхлэдэг, тэгээд тэр нь заримдаа тохиромжгүй цагаа олоогүй байдаг.
Аавын захиа бичдэг нь намайг 4 дүгээр ангид байхаас эхэлсэн. Би гэрээсээ гучхан минутын газарт хэд хоногоор зусланд явсан юм. Аав тэгэхэд өдөр бүр надад захиа бичсэн. Түүнээс хойш жил бүр үргэлжилсэн. 5 дугаар ангид, 6 дугаар ангид, 7 дугаар ангид.
Миний зусланд явах өдрүүд уртассаар нэг зун бүр багшлахаар явахдаа бүтэн зунжин байсан юм. Тэр үед ч аав захиа бичсээр байсан, бүр өдөр бүр гээч. Захидал намайг коллежид орсны дараа ч үргэлжилсээр, бүр одоо болтол ирдэг гээч. Энэ байрандаа нүүж ирснээс хойш л гэхэд эндээс 20-хон минутын газар амьдардаг ааваасаа бараг 500 захиа хүлээж авсан байна.
Аавын ихэнхи захианууд нь өдөр тутмынх нь талаар байдаг. Гэхдээ бас их бүтээлч, инээдтэй байдаг. Нэг удаа Сабвэй (сүлжээ түргэн хоолны газар)-н сэндвичний талаар 250 үг бичсэн байдаг юм.
Аав захиа бичихээ болино гэж бодохгүй байна, яагаад гэвэл түүний зан араншингийн нэг хэсэг нь учраас. Би коллежид байхдаа бие даалтан дээрээ аавынхаа талаар нийтлэл бичсэн юм. Тэр "охиндоо байнга захиа бичдэг аав" гэж бичүүлэхдээ ямар дуртай байсан гээч.
Би аав надад захиа бичдэг нь хайраа илэрхийлж байгаа онцгой хэлбэр нь гэж үздэг юм. Тэр намайг онгоцны буудалд хүргэх бүртээ уйлна. Намайг гунигтай үед цэцэг авчирч өгнө. Ийм онцлогтой аавтай би их азтай.
Нэг удаа найзтайгаа ярьж байхдаа би "аав маань жоохон... нөгөө юу... "өөр" гэж боддог уу" гэж асуусан юм. Би түүний хариултыг хэзээ ч мартдаггүй юм. Тэр "Хэрвээ өөр байлаа гэж бодоход чамд тэр нь хамаатай гэж үү?" гэсэн юм. https://www.facebook.com/mashasdiary/)
Эх сурвалж: Humans of New York
Орчуулсан: Маша