Цаг үеийн мэдээ

Тайландын шүүх үйлчлүүлэгчдийг хууран мэхэлж, луйвардсан хэргээр рестораны хоёр эзэнд тус бүр 1,446 жилийн хорих ял оноосон байна.

Далайн гаралтай хоолны “Laemgate” ресторан өнгөрсөн жил урьдчилсан төлбөртэй хоолны ваучерийг цахимаар иргэдэд худалдаалж эхэлсэн байна.

Жишиг үнээс хямд буюу 10 хүн дундаа 880 тайланд бат /28 ам.доллар/-аар далайн хоол идэх боломжтой энэхүү үйлчилгээг сонирхосон 20 мянга гаруй иргэн нийт 50 сая тайланд бат буюу 1,6 сая ам.долларын ваучер худалдан авсан байна.

Ваучер худалдан авсан иргэд ресторанд очиж хооллохын тулд хэдэн сарын өмнөөс ширээгээ урьдчилан захиалах шаардлагатай болсон байна. Гэвч эцэстээ үйлчлүүлэгчдийнхээ эрэлтийг биелүүлж чадахгүй байна гэсэн шалтгаанаар энэ оны 3 дугаар сард ресторан хаагдсан байна.

Хоолны үйлчилгээгээ болон мөнгөө буцаан авч чадахгүйд хүрсэн олон зуун хүн гомдол гаргаснаар рестораны эзэд болох Апичарт Боворнбанчарак болон Прапассорн Боворнбанча нарыг баривчилжээ.

Гомдол гаргасан 818 иргэний 375 нь мөнгөө буцаан авч чадсан байна. Рестораны эзэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир тэдэнд оноосон 1446 жилтийн хорих ялыг хагасаар бууруулж, тус бүрд нь 723 жилийн ял оноосон байна.

Гэхдээ Тайландын хуулиар олон нийтийг залиласан хэрэгт дээд тал нь 20 жилийн ял оноодог юм байна. Тиймээс шүүхийн шийдвэр бодит байдал дээр биелэлээ олохгүй бөгөөд рестораны эзэд дээд тал нь 20 жил хоригдох юм байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа