Хятадын нийслэл Бээжин хотод Пүрэв гаригт коронавирусний халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ. “COVID-19” цар тахлын голомт Хятад улсын нийслэлд сүүлийн хоёр сар халдварын тохиолдол бүртгэгдээгүй, дарагдсан байсан юм. Гэвч 52 настай Тан овогтон Бээжин хотын Шичэнь дүүрэгт халуурч, шинжилгээгээр коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Тэрбээр Бээжин хотоос гараагүй, гадаадаас ирсэн хүнтэй сүүлийн хоёр долоо хоногийн дотор харилцаагүй гэж мэдүүлсэн байна. Түүнийг эмнэлэгт хэвтүүлэн, гэр бүлийн хоёр гишүүнийг нь тусгаарлалтад авчээ.
Бээжин хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хөл хориог цуцалж, онц байдлын түвшинг сулруулжээ. Ингэснээр Хятадын халдварын эрсдэл багатай бүсээс ирсэн иргэд Бээжин хотод заавал 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагагүй болсон аж. Улмаар Бээжин хотын 21 сая гаруй хүн түргэн хугацаанд хэвийн амьдралдаа эргэн орж, бизнесийн үйл ажиллагаа сэргэсэн байв.
Ухань хотод өнгөрсөн оны сүүлээр гарсан коронавирусний халдвар дэлхийн 216 оронд тархаж, долоон сая гаруй хүн халдварлаж, 423 мянга гаруй хүн нас бараад буй. Харин халдварын голомт Хятадад 84 мянга орчим хүн халдвар авч, 4600 гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: ABC news