Цаг үеийн мэдээ

Угандагийн ард түмний хайрладаг олонд танигдсан Рафики хэмээх 25 настай горилл анчдын гарт амиа алдсан байна. Тоо толгой нь цөөрч, мөхөх аюулд ойрхон байгаа уулын гориллыг агнасан хэрэгт 4 хүнийг сэжигтнээр баривчилжээ. Хэрэв гэм буруутайг нь тогтоовол тэдэнд насаар нь хорих ял эсвэл 5,4 сая ам.долларын торгууль оноох юм байна. Гориллын халдлагаас биеэ хамгаалах зорилгоор аминд нь хүрсэн хэмээн сэжигтнүүд мэдүүлжээ.

6 дугаар сарын 1-нд сураггүй болсон Рафикиг дараагийн өдөр нь амиа алдсан байдалтайгаар олсон байна. Дотор эрхтэн рүүгээ хурц үзүүртэй зүйлээр сүлбүүлж амиа алдсан Рафики горилл нь Угандагийн баруун өмнөд хэсэг дэх ширэнгэн ой бүхий “Бвинди” үндэсний цэцэрлэгт  хүрээлэнгийн хүмүүст танигдсан алдартай горилл байжээ.

Сүргийнхээ толгойлогч нь байсан түүний үхэлд Угандагийн ард түмэн маш ихээр харамсан гашуудаж байгаа юм байна. Толгойлогчоо алдсан сүргийнх нь 17 гориллын сэтгэл санааны байдал тогтворгүй байгаа бөгөөд сүрэг нь тарж, сарниж болзошгүй хэмээн амьтан хамгаалагчид үзэж байна. Хүнтэй ойр байж дассан сүрэг тарвал ширэнгэн ойн гүн рүү одоцгоож жуулчдыг татах гориллгүй болох юм байна.

Өдгөө 1000 орчим тоо толгой үлдээд байгаа уулын горилл нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Руанда, Уганда улсуудын дархан цаазат газруудад амьдардаг юм байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа