Японы Hello Kitty брэндийг үндэслэгч Шинтаро Цужи гүйцэтгэх захирлын суудлаасаа буухаар болжээ Өдгөө 92 настай тэрээр “Sanrio” компанийхаа удирдлагыг өөрийнхөө ач хүү 31 настай Томокуни Цужид шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ нь тус компанийн 60 жилийн түүхэнд удирдлага нь солигдож байгаа анхны тохиолдол юм.
1960 онд тоглоом үйлдвэрлэлийн “Sanrio” компанийг үүсгэн байгуулж, 1974 онд Китти муурыг бодож зохиосон Японы нэртэй бизнесмэн Шинтаро Цужи 7-р сарын нэгэнд гүйцэтгэх захирлын суудлаасаа албан ёсоор огцрох юм байна.
Компанийг өв залгамжлах ёстой байсан түүний хүү 2013 онд зүрхний шигдээсээр нас барсан тул ийнхүү ач хүүдээ удирдлагыг шилжүүлж байгаа юм байна.
Томокуни Цужи нь Японы тэргүүлэгч томоохон компаниудын хамгийн залуу гүйцэтгэх захирал болж байгаа юм.
Жил бүр олон тэрбум долларын ашиг авчирдаг Hello Kitty брэнд нь хувцас, тоглоом, бичиг хэрэг, охидын гоо сайханы бүтээгдэхүүн зэрэг олон салбарт хүч үздэг юм.
Гэвч сүүлийн жилүүдэд ашиг орлого нь буурч байгаа “Sanrio” компанид корнавирус хүндээр нөлөөлсөн байна. 2019/2020 оны санхүүгийн жилд тус компанийн цэвэр ашиг 95 хувиар буурсан байна.
Эх сурвалж: ВВС