Цаг үеийн мэдээ

ЦУВРАЛ - 16

        "Би Харвардын ойрхон өссөн юм. Миний өсвөр нас Харвардын талбайд скэйтборд унаж өнгөрсөн ч би хэзээ ч тэнд зохих хүн шиг санагддаггүй байсан. Боловсрол манай гэрт тийм үнэ цэнэтэйд тооцогддоггүй байлаа. Эцэг эхийн маань аль нь ч коллежид ороогүй. Аав ээж маань салсан тул гэр бүлийн амьдрал маань тогтворгүй байлаа.  

       Миний бие сэтгэлийн "дасан зохицох механизм" нь дураараа дургих байсан юм шиг байгаа юм. Би зөндөө сахилгагүйтсэн. Ахлах сургуулиасаа хөөгдөхөө шахсан. Коммюнити коллеж (Америк-н 2 жилийн дээд сургууль)-д орох уу яах уу гэж эргэлзэж явахдаа би үйлдвэрчний эвлэлийн нэг залуутай танилцаж ярилцсан юм. Тэгж л би мужаан болсон юм. Өнгөрсөн хэдэн жилүүдэд би Харвард-ын их сургуулийн барилгууд дээр зөндөө ажилласан. Хуучин барилгатай тул хийх ажил зөндөө гарна. Заримдаа надад сургуульдаа явж байгаа оюутнуудыг харахад хэцүү байдаг байлаа. 

 

  

      Ажлын хувцастай, шороо тоос болчихсон, сөхрөөд сууж байхад тэднээс дорд юм шиг мэдрэмж авахгүй байна гэдэг хэцүү. Ажилчин болон сэхээтний хооронд нэг тийм "чи багажтай ноцолддог бол диплом авах гавьяагүй ч гэмээр юмуу" хашлага байгаад байгаам шиг санагддаг. Тэгээд 3 жилийн өмнө би шийдсэн. 

     "Зэн болон Мотоциклийн арчилгааны урлаг (Аав хүү хоёр мотоциклээр 17 хоног цугтаа аялж буй талаар гардаг сэтгэл зүйн ном)" гэдэг номыг уншиж дуусаад "Одоо болсон. Би ахиж архи уухгүй, тамхи татахгүй. Өөр юу ч хийхгүй. Харвардад орох хүртлээ" гэж шийдсэн. Би найзууддаа хэлээгүй. Хэн нь ч намайг хагас бүтэн сайнд бакалаврын дипломаа авах гээд сурч байгааг мэдээгүй, зунжингаа GRE (Graduate Record Examination - Америк, Канадын магистрт элсэж ороход шаарддаг оноо) шалгалтанд бэлдсэнийг мэдээгүй, Кеннедигийн засгийн газрын сургуульд бүртгүүлснийг ч мэдээгүй.  

       Уртын урт 3 жил байсан ч хоёр долоо хоногийн өмнө сүүлийн хариугаа авсан юм. Би "За, нэлээн удаан өөрийгөө зовоолоо. Ядаж л ингээд дуусах нь" гэж бодсон. Компьютерээ нээгээд, сургуулийн систем рүү нэвтэрч хариугаа хараад би татаж унатлаа инээсэн. Итгэмээргүй байсан. Би энэ зүйлийг хөөж зөндөө урт хугацаанд гүйгээд эцэст нь нэг юм барьж авлаа. Одоо энэ боломжоороо би ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэдгээ мэдсэн. Хувь нэмрээ оруулмаар байна. Би бусад ажилчин хүмүүст ч хүрд эргүүлэх боломжоо олоход нь туслахыг хүсэж байна."

Эх сурвалж: Humans of New York

Орчуулсан: Маша

 

 

Таны сурталчилгаа