Филиппинд коронавирусээс сэргийлэх тусгаарлалтад байсаар гэртээ очиж чадалгүй нас барсан ганц бие ээжийн түүх улс орон даяар эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгараад байна. Ард иргэд Засгийн газрын цар тахлын үеэр авч хэрэгжүүлсэн хорио цээр, ажилчдыг хөл хорьсон явдал хэрхэн хохирол учруулсныг сануулан уур бухимдлаа цахим сүлжээ ашиглан илэрхийлсээр байгаа юм.
33 настай Мишель Сильвертино энэ сарын 5-ны өдөр төв зам дагуу явган хүний зам дээр ухаан алдсан байдалтай олджээ. Манилагаас 400 км гаруй зайд байдаг Камаринес Сур мужийн Калабангад автобусан дотор дөрвөн хүүхдийн хамт амьдардаг ганц бие өрх толгойлсон ээж олон нийтийн тээврийг зогсоосноос харьж чадаагүй байжээ.
Сильвертино Манилагийн хойно байдаг Куэзон хотоос өмнөд зүгт Пасай хот руу алхаж унаа хайхаар явсан байна. Гэвч түүний хичээл зүтгэл талаар өнгөрч хэд хоногийн турш явган хүний зам дээр гацжээ. Явган хүний зам дээр ухаангүй хэвтэж байсан бүсгүйг эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй нас барсан байна.
Энэ явдлын дараа #JusticeforMichelleSilvertino буюу Мишель Сильвертинод шударга хандъя гэсэн хаштаг аян, уриалга газар авчээ.
Филиппин улсад коронавирусийн халдвар тархсан гуравдугаар сараас хойш хөл хорио тогтоосон. Тус улсад Ковид-19-ийн халдвар авсан 25,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 5,000 гаруй иргэн нас бараад байна. Нийслэл Манила хот байдаг Лузон аралд олон нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн зогсоожээ. 80 хоног үргэлжилсэн хорио цээрийн дараа энэ сарын 1-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар хэсэгчлэн сулласан байна.
Сильвертиногийн үхэл олон мянган иргэний сэтгэлийг хөдөлгөсний дүнд Ерөнхийлөгчийн ордонд хүрч, Засгийн газраас гэртээ харьж чадалгүй гацаж түгжигдсэн ажилчдыг буцаахад туслахаар болжээ.
Эх сурвалж: CNN