Цаг үеийн мэдээ

Грек улс өнөөдрөөс эхэлж дэлхийн 29 оронд агаарын хилээ нээж, жагсаалтад багтсан орнуудын жуулчдыг хүлээн авахад бэлэн болсон байна. Тус улс дэлхийн улс орнуудын коронавирусний нөхцөл байдлыг судалсны эцэст жуулчдыг нь хүлээн авах боломжтой орнуудын жагсаалтыг гаргажээ.

6-р сарын 15-с эхэлж Албани, Австрали, Австри, Хойд Македони, Болгар, Герман, Дани, Швейцарь, Эстони, Япон, Израйль, Хятад, Хорват, Кипр, Латви, Ливан, Литва, Мальта, Черногори, Шинэ Зеланд, Норвеги, Өмнөд Солонгос, Унгар, Румын, Серб, Словак, Словен, Чех, Финлянд улсуудын жуулчдыг хүлээн авах юм байна.

Эдгээр орнуудаас ирж байгаа жуулчдыг Афин болон Салоникийн олон улсын нисэх буудлуудад газардахад нь халууныг нь хэмжиж, шаардлагатай тохиолдолд коронавирусний халдвартай эсэхийг нь шалгаж нэвтрүүлэх юм байна.

Аялал жуулчлалаас дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 30 хувийг бүрдүүлж, таван ажлын баяр тутмын нэг нь тус салбараас хамааралтай байдаг Грек улсын хувьд коронавирусний улмаас аялал жуулчлал зогссон нь эдийн засагт нь хүндээр нөлөөлж байгаа юм.

Зөвхөн өнгөрсөн онд Грек улс гадны 33 сая жуулчныг хүлээн авч байжээ. Сүүлийн 3 сарын турш хаалттай байсан аялал жуулчлалын салбараа өнөөдрөөс эхлэн албан ёсоор сэргээж байгаа тус улс 7-р сарын нэгнээс олон улсын бүх нислэгийг болон далайн боомтуудаа нээх юм байна.

Грек улсад цар тахал дэгдснээс хойш халдварын нийт 3100 орчим тохиолдол бүртгэгдэж, 183 хүн амиа алдсан байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа