Сүүлийн жилүүдэд Төв аймаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа билээ. Энэ нь аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон талаар хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсээр байгаа юм. Үүний нэг томоохон жишээ бол өнгөрсөн 2019 оны Наймдугаар сард аймгийн Засаг дарга байнгын харилцаат БНСУ-ын Пёнтак хотод зочилж хотын захирагч Жан Чан Сунтай уулзах үеэр хэлэлцэн баталсан шинэ номын сангийн асуудал бөгөөд энэхүү томоохон ажил биелэлээ олж, аймгийн Нийтийн номын сангийн засвар шинэчлэлийн ажлыг эхлүүллээ. Төв аймгийн нийтийн номын сан нь анх 1944 онд байгуулагдаж байсан түүхтэй. 1990 онд нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах, 100 мянган ном байрлуулах хүчин чадалтай зориулалтын байранд шилжин орсон байна. Сан хөмрөгтөө 34 мянган номтой, жилд дунджаар 4000 орчим байнгын уншигчдад хүрч үйлчилдэг.
Шинэ номын сантай болсноор нэг ээлжиндээ 160 уншигч, үйлчлүүлэгч хүлээн авах бөгөөд хүүхэд, насанд хүрэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 3 уншлагын танхимаар үйлчлүүлэх боломжтой юм. Аймгийн Нийтийн номын сангийн барилгын ажлыг “Нумт өргөө” ХХК гүйцэтгэнэ. Тус компаний хувьд өмнө нь МУИС, СУИС-ийн номын сангийн барилгын ажил, засвар үйлчилгээг хийж байсан туршлагатай бөгөөд манай нийтийн номын сангийн барилга тус хамт олны 5 дахь төсөл гэдгийг онцолсон. Төв аймгийн иргэд, номын сайн нөхөд номын сангийн шинэ барилгаа энэ оны 8 дугаар сард ашиглалтад хүлээн авах юм.