Зэвсэглэлээс хасагдан төмрийн хогонд ачигдахаа хүлээж байсан “С-130” бөмбөгдөгч онгоц шинэ албандаа гарчээ. Дэлхийн 70 гаруй орны армид нийт 2500 ийм бөмбөгдөгч байгаагаас Америкт 200 гаруй үлдсэн байна. Хэдийгээр энэ онгоц хуучирсан ч онгоцны бөмбөг хаях нарийн оновчтой төхөөрөмж нь одоо ч ашиглаж болохоор гэнэ.
Тэгвэл Америк даяар цөлжилтийн аюул нөмөрсөн энэ үед хүн хүрч чадахгүй эзгүй хээр, цөлийг ойжуулах шаардлагатай ч хүн хүч, хөрөнгө мөнгөний ихээхэн зардал гардаг байна. Ийм хүндрэлтэй тулаад байгаа Массачусетс мужийн захиргаанд “Lockheed Martin Aerospace” компани хуучин бөмбөгдөгч онгоцыг ашиглах санал тавьсаныг хүлээн авчээ. “С-130” нь агаараас минажүүлэх зориулалттай бөмбөгдөгч агаад маш нарийн оновчтойгоор миныг хаядаг байна.
Мужийн захиргааны хийсэн судалгаагаар хүн хүрэхэд хэцүү хээр тал, цөлийг байлдааны онгоцоор бөмбөгдөж үрслүүр суулгах нь ойжуулах компанийг хөлсөлсөнөөс 2-3 дахин хямд тусах тооцоо гарчээ. Тооцоогоор нэг ажилтан өдөр 1000 хүртэл үрслүүр суулгах боломжтой бол нэг бөмбөгдөгч нь мөн өдөрт маш том талбайд шинэхэн үрслүүртэй 900 мянга хүртэлх ногоон “мина” хаях чадалтай аж.
Үрслүүртэй ногоон “мина”-ыг нарийн боловсруулж хийжээ. Газарт гүн шигдэх конус хэлбэрт үзүүртэй “мина” болгонд нэг үрслүүр хийнэ. Хөрсөнд гүн шигдэнгүт “мина”-ын гэр задарч үрслүүрийг суулгадаг аж. Өдгөө хуучирсан бөмбөгдөгчид мужийн хүн хүрч чадахгүй хээр тал, цөлийг бөмбөгдөж байна. Мөн Канад, Австрали болон Египетээс захиалга авчээ.