Цаг үеийн мэдээ

Америкийн иргэн Кэтрин Салливан сансарт болон дэлхийн хамгийн гүн цэгийн аль алинд нь очиж үзсэн дэлхийн анхны хүн болсон байна.

Сансрын нисгэгчээр ажиллаж байсан Кэтрин Салливан дэлхийн хамгийн гүн хэсэг болох номхон далайн Марианы ховилд орших “Челленжер хотгор”-т  амжилттай шумбаж хүрсэн байна. Энэхүү ёроол нь далайн түвшнээс 10,924 метрийн гүнд оршдог юм.

Энэ жил 68 настай тэрээр дэлхийн бөмбөрцгийн энэхүү хамгийн гүн хэсэгт хүрсэн 8 дахь хүн, анхны эмэгтэй болсон байна.

1979-1992 онд Америкийн сансар судлалын НАСА агентлагт ажиллаж байсан тэрээр 1984 онд задгай сансарт гарч ажилласан Америкийн анхны эмэгтэй сансрын нисгэгч болж байсан юм. Сансарт 3 удаа ниссэн тэрээр нийт 532 цагийг сансарт өнгөрүүлжээ.

Дэлхийн бөмбөрцгийг дээрээс нь харж байсан Кейт Салливан энэ сарын 7-нд “Тритон 36000” шумбагч онгоцоор дэлхийн гүнд очиход өөр гаригт ирсэн мэт сэтгэгдэл төрж байснаа хуваалцжээ.

Тэрээр Челленжер хотгорт өмнө нь хүрч байсан Техасын хөрөнгө оруулагч, судлаач Виктор Весковогийн хамтаар далайн гүн рүү аялсан бөгөөд тэд дэлхийн гүнд цаг хагасын турш байсан байна.

Виктор Весковогийн хувьд далайн хамгийн гүн таван хэсэгт бүгдэд нь очиж үзсэн дэлхийн анхны хүн юм. “Тритон 36000” шумбагч онгоц нь түүний эзэмшдэг “Caladan Oceanic” компанийн бүтээсэн усны хүчтэй даралтыг тэсвэрлэх чадалтай шумбагч юм байна.

Викторын урилгаар дэлхийн хамгийн гүн хэсэгт аялана гэж хэзээ ч төсөөлж байгаагүй гэдгээ хатагтай Кейт Салливан сэтгэл хөдлөн ярьжээ. Тэрээр дэлхийн гүнээс амжилттай буцаж ирснийхээ дараа дэлхийн тойрог замд байрлаж байгаа олон улсын сансрын станцийн багийн гишүүдтэй холбогдсон байна. 

 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа