Цаг үеийн мэдээ

       Зургаадугаар сарын 11-14-ний өдөр Бээжин хотод коронавирусний нийт 51 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд Шинь Фа Ди хэмээх хүнсний захтай холбоотой байв.

Энэ байдлын улмаас тус бөөний зах олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

       1988 онд байгуулагдсан Шинь Фа Ди зах нь өдгөө Азидаа худалдааны хэмжээгээр хамгийн томд тооцогдох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний зах юм байна. Тус зах 1.12 сая квадрат метр талбайг хамарч, 2000 гаруй суурин лангуу, 1500 гаруй менежментийн ажилтантай.  Энэхүү захаар өдөрт 18.000 тонн хүнсний ногоо, 20.000 тонн жимсний бараа эргэлт хийгддэг ба Бээжингийн оршин суугчдын худалдан авдаг жимс ногоо, мах, далайн гаралтай бүтээгдэхүүн, будаа гурилын 80 хувь нь Шинь Фа Ди захаас нийлүүлдэг тул энэ захыг Бээжингийн “Хүнсний агуулах”, “Жимс ногооны бааз” гэх мэтээр нэрлэдэг аж. 

Тэгвэл 50-иад өдрийн турш коронавирусний тохиолдол бүртгэгдээгүй байсан Бээжин хотод тархалт дахин дэгдсэн нь яагаад энэхүү бөөний захтай холбоотой болов хэмээх асуулт гарч ирж байна. 

    Хятадын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн тархвар судлалын ахлах мэргэжилтэн Ү Зүньюү "Энэ нь бөөний захын хадгалах орчин, хүмүүсийн урсгалтай холбоотой байж болзошгүй" гэв.

     Температур бага байх тусам вирусний амьдрах хугацаа урт болдог байна. Уг бөөний захад буй ихэнх далайн бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалдаг. Ийм орчинд вирус удаан хугацаагаар амьдрах чадвартай тул хүмүүст халдварлах магадлал илүү өндөр болдог гэж үзжээ.

Мөн хүнсний бөөний захаар өдөр бүр маш олон тооны хүмүүс үйлчлүүлдэг. Хэрэв хэн нэг нь вирус тээгч байвал олон хүний урсгалд халдвар хялбархан тархах эрсдэлтэй.

    Шинь Фа Ди бөөний захын хаалгыг барих хугацаанд эдгээр ногоо жимсийг шинээр нэмсэн худалдааны таван цэгт түр хугацаагаар байрлуулахаар болжээ. Одоогоор Бээжин хотын хүнсний ногооны тээврийн хэрэгслийн компаниуд хүнсний ногоог тарианы талбайгаас хотын зах руу шууд нийлүүлж байна гэж “Бээжингийн өдрийн сонин” мэдээлжээ.

Таны сурталчилгаа