ЦУВРАЛ- 18.
"Ээж маань гэнэтхэн зүрхний шигдээсээр өөд болсон юм. Нэг өдөр ядраад гээд гэртээ эрт ирээд байж байхдаа ухаан алдаад уначихсан. Аав тэр үед хамт байсан тул ээжийг ухаан оруулах гэж байдгаараа хичээсэн ба үүнээс болоод аав маш их сэтгэлийн шархтай үлдсэн юм. Үнэхээр хүнд туссан нь гарцаагүй ч аав маань гадагшаа сэтгэлээ илэрхийлдэг хүн биш байлаа. Би уйлж байхыг нь ганц ч харж байгаагүй. Оршуулгын дараа манайд зөндөө хүмүүс ирсэн ч аав байж сууж төвдөхгүй байв. Би унтлагын өрөөнд нь дагаж ороод аавтайгаа цуг хэвтээд ярилцсан юм.
Анх удаа тийм нээлттэй, илэн далангуй байхыг нь харлаа. Аав яахаа ч мэдэхгүй байгаагаа бас дутмаг, чадалгүй санагдаж байгаагаа хэллээ. Ээж үргэлж л манай гэрийн хүмүүстэй харилцдаг, гадаад нүүр царай нь байв. Яриа бас мэдрэмжтэй. Гэрт зочид цуглахад ээж тэднийг хөгжөөж аав гал тогоо барьдаг байв. Одоо харин аав минь тэр гадагшаа харилцах холбоосоо алдчихаж. Аав, дүү бид хоёрын ухаалаг байдал, эелдэг зан, амжилттай яваа бүх л сайн сайхан зүйлс ээжээс өвлөгдөж ирсэн гэж боддогоо хэллээ. Энэ бүгдийг сонсож байхдаа би аав минь өөрийгөө ямар доогуур үнэлдгийг анзаарсан юм.
Аавын маань зарим хүсэл мөрөөдлүүд биелээгүй л дээ. Аав коллеж төгсөөгүй. Намайг жоохон байхад өөрийн ресторан нээж ажиллуулах гэж үзсэн. Би аавтайгаа цуг ногооны зах явдаг байснаа санадаг юм. Тогоочийн хормогчоо өмсөөд, бараа нийлүүлэгчидтэй холбогдож, хоолны орцоо өөрөө сонгоод, өөрөө зохиож хоолоо хийдэг байсан юм. Амьдралынх нь үнэхээр бахархалтай үе байсан. Харамсалтай Энь ресторан маань удаан тогтоогүй юм. Аав буцаад хэн нэгний дор ажиллах хэрэгтэй болсон. Гэхдээ аавтай цуг ажиллаж байсан бүх хүмүүс ээжийн оршуулга дээр ирсэн юм. 20 жилийн турш ресторанд ажилласан гэхээр тэр хэмжээний олон хүмүүстэй харилцсан байгаа юм.
Аав маань жоохон ширүүн харгиа ч гэсэн үргэлж л эелдэг, хүнд юм өгөх, туслах дуртай байсан. Сэтгэл хөдлөлөө гадагшаа илэрхийлдэггүй ч дандаа хамт байж л байдаг байсан. Миний бүх л арга хэмжээнд оролцдог, зүгээр оролцоод зогсохгүй, хийж буй зүйлд маань үнэн сэтгэлээсээ сонирхож ханддаг байв. Хэдэн жилийн өмнө би археологиор сурахаар шийдэхэд аав дагаад археологид бүр "орчихсон". Над руу нийтлэлүүд явуулна, нарийн ширийн юм асууна. Аав өөрийгөө хөгшин ааш муутай өвгөн гэж боддог юм шиг байгаа юм. Ялангуяа ганцаараа үлдсэнээс хойш.
Гэхдээ би аавыгаа огтхон ч тэгж боддоггүй юм. Ээжийг нас барснаас хэдэн долоо хоногийн дараа аав над руу өөрийгөө хэн гэдгийг ч мэдэхээ байлаа гэсэн мессэж илгээсэн байсан юм. Би харин хариуд нь "Та бол миний аав шүү дээ" гэж явуулсан." https://www.facebook.com/mashasdiary/
Эх сурвалж: Humans of New York
Орчуулсан: Маша